Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
барилгын чанарын баталгаат хугацаа
барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, найдвартай байдлыг барилгын гүйцэтгэгчээс хариуцах хугацаа
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.6
баталгаажуулалт
бүтээгдэхүүн, тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээд бичгээр нотлох ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.9
баталгаат албан тушаал
улс орны удирдлага, эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын тогтвортой ажиллагааг хангахын тулд цэргийн дайчилгаанаас чөлөөлж байхаар засгийн газраас тогтоосон албан тушаал
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.9
баталгаат сорт
тухайн бүс нутагт биологи, аж ахуйн нийтлэг болон тодорхой шинжээр шалгарч, сорт сорилтын зөвлөлөөр батлагдан, тариалах сортын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн сорт
Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 1999 онн, 3.1.5
баталгаат хугацаа
үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацаа
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2003 он, 3.1.5
батламж жуух бичиг
тухайн олон улсын гэрээг монгол улсын их хурал соёрхон баталж хууль гаргасныг нотолсон баримт бичиг
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.4
батлан даалт
байнга оршин суух хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн иргэнээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авах
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 65.1
бие хамгаалагч
энэ хуульд заасан журмын дагуу хувийн хамгаалалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх эрхтэй этгээд
Хувийн хамгаалалтын тухай хууль, 2001 он, 3.1.2
биеийн тамир
нийгмийн соёлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах зорилгоор оюуны болон материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагаа
Биеийн тамир, спортын тухай хууль, 2003 он, 3.1.1
биеийн тамир, спортын байгууламж
иргэн, тамирчид биеийн тамир, спортоор хичээллэх, тэмцээн явуулах зориулалттай заал, танхим, талбай
Биеийн тамир, спортын тухай хууль, 2003 он, 3.1.8
биет байдлын доголдолгүй
гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгө
Иргэний хууль, 2002 он, 290.1
биет байдлын доголдолгүй ажлын үр дүн
гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал
Иргэний хууль, 2002 он, 353.2
биет бус үнэт цаас
тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тооцоолох машины санах байгууламжид байгаа үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.3
биет бус үнэт цаас
тогтоосон журмын дагуу хэвлэсэн үнэт цаасыг биет, тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тусгай бүртгэл /ердийн болон тооцоолох машин/-д байгаа үнэт цаас
Иргэний хууль, 2002 он, 467.2
биет үнэт цаас
тогтоосон журмын дагуу биет байдлаар хэвлэсэн үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.2
биобэлдмэл
хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд, эсээс үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд гаргаж авсан бүтээгдэхүүн
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.2
биотехникийн арга хэмжээ
амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.4
бичмэл нотлох баримт
хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримт
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 44.1
богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх
тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэрийг нэг жил хүртэл хугацааны хөрөнгө оруулалтын үнэт цаас болон үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэх
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.8
болзол тавьж хийсэн хэлцэл
тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцэл
Иргэний хууль, 2002 он, 44.1