Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
банкны эрх хүлээн авах
монголбанк банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгож, банк түүний удирдлагын бүрэн эрх болон банкны өөрийн хөрөнгийг өмчлөх эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкинд бүтцийн өөрчлөлт хийх буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагаа
Банкны тухай хууль, 1996 он, 37 дугаар зүйл
бараа
мөнгөнөөс бусад бүх төрлийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.2
бараа
эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.13
бараа бүтээгдэхүүн
зах зээлд нийлүүлж байгаа бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэрэг
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 4.1.1
бараа хийж бүтээсэн
үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр шинэ бараа гаргаж ирэх
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.24
бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаа
захиалагч энэ хуульд заасан тендер шалгаруулалтаар бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаа
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.4
барааг гаалийн хяналтын дор хүргэх
гаалийн байгууллагаас монгол улсын олон улсын гэрээний, эсхүл бусад улсын гаалийн болон эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор гаалийн хилээр хяналтын дор оруулах, дамжин өнгөрүүлэх, гаргах
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.20
барааны тэмдгийн олон улсын бүртгэл
дэлхийн оюуны өмчийн байгууллагын мадридын хэлэлцээр, мадридын протоколын дагуу олон улсын товчооны гүйцэтгэдэг бүртгэл
Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.16
барааны тэмдэг
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусдын бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл
Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.1
барааны тэмдэг эзэмшигч
бүртгэгдсэн тэмдгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээд
Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.7
баривчлах ял
энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах ял
Эрүүгийн хууль, 2002 он, 51.1
баривчлах, цагдан хорих байрны тогтолцоо
Нийслэлд цагдан хорих төв, баривчлах байр, аймгуудад цагдан хорих, баривчлах байр байна.Тэдгээрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.Хорих төв нь ШШГЕГ-ын, хорих байр нь тухайн нутаг дэвсгэрийн ШШГ албаны харьяанд тус тус ажиллана. Хорих төв нь хуулийн этгээдийн эрхтэй байна.Хорих байр байгуулах, өөрчлөх, татан буулгахсасуудлыг ЗД болон ШШГЕГ-ын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн УЕП-той зөвшилцөн шийдвэрлэнэ.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл
баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх зарчим
баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэхэд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтална. Эрүү шүүлт тулгах, эсхүл бусад арга хэрэглэн түүний бие мах бодийг тарчлаан зовоох буюу сэтгэл санааны дарамтад оруулахыг хориглоно.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл
баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үндэслэл
гагцхүү ЭБШ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захирамж, тогтоол нь баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үндэслэл болно.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл
барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс
Энэхүү комиссыг улс, бүс нутаг, орон нутгийн ач холбогдол, үйлчлэх хүрээнээс нь хамааруулж Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга томилно.Комиссыг барилгын техник хяналтын улсын байцаагч толгойлж болох бөгөөд комиссын бүрэлдэхүүнд байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албаны төлөөлөгч орно.
барилгын тухай хуулийн 15 дугаар зүйл
барилга, байгууламжийн ажил
барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх, эсхүл хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглахад хүргэж байгаа бусад ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.15
барилгын материалын үйлдвэрлэл
барилгын материалын эрдэс, түүхий эд олборлох, уурхай ашиглах, материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.3
барилгын норм, дүрэм
барилгын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталсан, барилгын салбарт заавал биелүүлэх шаардлага, мөрдөх зарчмыг агуулсан норматив, техникийн баримт бичиг
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.5
барилгын техникийн нөхцөл
барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрөл
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.7
барилгын үйлдвэрлэл
барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаа
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.2