Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Ө» үсгээр эхэлсэн 13 нэр томьёо.

Өв нээгдсэн газар
өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газар
Иргэний хууль, 2002 он, 519.1
Өвчтэй болон халдварын голомтод байгаа малыг зайлшгүй шаардлагаар нядлах, у
нийтийн болон тухайн өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор малын халдварт болон гоц халдварт өвчний гаралтыг таслан зогсоох, цаашид тархан дэлгэрэхээс сэргийлэхийн тулд өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах магадлал бүхий малыг холбогдох дүрэм, зааврын дагуу нядлах, устгах
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.9
өмгөөллийн үйл ажиллагааны зарчим
хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах, хууль дээдлэх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох, өмгөөлийн үйл ажиллагаа төрийн ивээлд байх, аливаа байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс үл оролцох, өмгөөлөгч нь хуулийн хүрээнд өмгөөлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн тууштай хамгаалах зарчим баримтална.
өмгөөллийн тухай хуулийн 3 дугаар зүйл
Өмгөөлөгч
хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээд, ял шийтгэлгүй, тогтоосон журмын дагуу мэргэшлийн шалгаруулалтад орж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн
Өмгөөллийн тухай хууль, 2002 он, 5.1
өмгөөлөгчийн хариуцлагын даатгал
мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутсаны улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргаж үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд даатгуулна.Даатгалын доод хэмжээг Холбоо тогтооно.
өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйл
Өмгөөлөх тал
шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.8
Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх
улсын их хурлаас эрх олгосны дагуу засгийн газар төсвийн хөрөнгийг захиран зарцуулагчийн хувьд төсвийн байгууллага өөрийн чиг үүргийн үйл ажиллагааг үр өгөөжтэй, тасралтгүй явуулж байх хүний нөөц, эд хөрөнгө болон санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, учирч болох эрсдэлийг удирдах арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэх
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.15
Өндөр зэрэглэлийн тамирчин
спортын тодорхой төрлөөр системтэй хичээллэж, үндэсний болон олон улсын тэмцээнд тогтмол оролцдог, спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллын дагуу спортын мастераас доошгүй цол авсан тамирчин
Биеийн тамир спортын тухай хууль, 2004 он, 3.1.6
Өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл
бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон
Иргэний хууль, 2002 он, 44.3
Өргөдлийг бүртгэх
ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лиценз авах болон шилжүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн кадастрын албаны бүртгэлд албан ёсоор бүртгэх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.5
Өргөдөл
улс нийгмийн ач холбогдолтой болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, 1995 он, 4.1
Өрийг хувьцаагаар солих
компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар солих
Компанийн тухай хууль, 1999 он, 25.1
Өрийн бичиг
тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.6