Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
газрын тос хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах ажиллагаа
Газрын тосны тухай хууль, 1991 он, 2.2
газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргах
Газрын тухай хууль, 2002 он, 58.1
газрын улсын бүртгэл
тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.14
газрын хэвлий
хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/
Газрын хэвлийн тухай хууль, 1988 он, 4.1
газрын чанарын үнэлгээ
газрыг түүний төлөв байдал, чанарыг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.11
газрын эдийн засгийн үнэлгээ
газрыг түүний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.12
гал түймрийн гамшиг
объектын болон ой, хээрийн гал түймэр өргөжин дэлгэрч олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, байгалийн баялаг, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэхэд хүргэх нөхцөл байдал
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 3.1.2
гал түймэр
хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн болон хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгалийн баялаг, нийгэмд хохирол учруулах шаталт
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 3.1.1
гал түймэр унтраах ажлын зохион байгуулалт
хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгалийн баялагийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, гал түймрийг унтраах арга ажиллагаа
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 23.1
гал унтраах удирдагч
гал түймэр гарсан анхны дуудлагаар гал унтраах нэгжийг удирдаж ирсэн, гал унтраах ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулах галын байгууллагын алба хаагч
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 3.1.3
галт зэвсэг
дарьны шаталтын хийн даралтаар сумны хошуу буюу үрлийг гол төмрөөс их хурдтай гаргаснаар сумны хошуу нь хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, ан агнах, бусад зүйлийг хөнөөх чадвар бүхий хэрэгсэл
Галт зэвсгийн тухай хууль, 2001 он, 3.1.1
галт зэвсэг хэрэглэх
хорих байрны ажилтан болон хоригдсон этгээд, бусад хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар довтолсон, ажилтаны зэвсгийг булаахаар довтолсон, барилга байгууламж, тээврийн хэрэгслийг эзлэхээр бүлэглэн довтолсон, барилга байгууламж, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, тэдгээр этгээдийг баривчлах, оргохоор завдсан зэрэг тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл
галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх
хорих байрны хамгаалалтын болон дэг журам сахиулах үүрэг бүхий ажилтан энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж болно.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 37 дугаар зүйл
галын аюулгүй байдал
учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон төр, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалсан байдал
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 3.1.4
галын аюултай бүтээгдэхүүн
галын аюулын ангилал, зэрэглэлийн дагуу гал асаах эх үүсвэрээс дөллөж авалцан асах буюу уугиж асах бүтээгдэхүүн
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 21.1
гамшгаас хамгаалах
гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.1
гамшгаас хамгаалах дайчилгаа
гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийг ашиглах үйл ажиллагаа
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.8
гамшгийн голомт
гамшгийн улмаас хязгаарлалт тогтоон аврах, хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа нутаг дэвсгэр
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.11
гамшгийн нөөц
улс, аймаг, нийслэл болон бүх шатны гамшгаас хамгаалах алба, тэдгээрийн штаб, аврах анги, отряд, салбар, нэгж, мэргэжлийн анги дахь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгахад зориулагдсан, байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүнс, хувцас, бусад материал, техник, багаж хэрэгсэл, мөнгөн хөрөнгө зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.7
гамшгийн тухай зарлан мэдээлэл
хүн амд гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.12