Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
Үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүд
үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үндсэн чиг үүргийг гүйцэтгэх ажил эрхэлдэг, хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан этгээд
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.16
Үнэт цаасны хоёрдогч зах зээл
анхдагч зах зээлд гарсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авах, арилжихтай холбогдсон харилцаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.9
Үнэт чулуу
доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил болон сувд
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.3
Үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг
хүний урьдчилан төлөвлөсөн ухамсарт үйл ажиллагаагаар бий болсон, нэг гарал үүсэлтэй, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай, биологи, морфологи, аж ахуйн ашигтай шинжээрээ тухайн төрлийн малын бусад үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсгээс ялгагдах өвөрмөц онцлогтой, үржлийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг бүлэг мал
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.1
Үүсгэн байгуулах баримт бичиг
эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ /төсөл/, дүрэм
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 2.2
Үүсмэл үнэт цаас
тодорхой үнэт цаастай холбоотой гаргасан, түүнээс үнэ, ханш нь хамаарч байдаг, хувьцаа худалдах, худалдан авах эрх олгосон опцион, энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг тодорхой хугацааны дотор энгийн хувьцаанд хөрвүүлэх эрх олгодог бусад үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.4
факторингийн үйлчилгээ
зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.2
фармакопей
эмийг найруулах, бэлтгэх болон эмийн чанарыг шалгах аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартын түүвэр
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.8
хаалттай дуудлага худалдаа
тодорхой этгээдийн хүрээнд явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 38.3
хаалттай хувьчлах
хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах, тодорхой ажил мэргэжлийн хуулийн этгээд, хувь хүмүүсийн хүрээнд явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 46.4
хайгуулын эдэлбэр
хайгуулын талбайд суурилсан дэлхийн төвд орой нь орших пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсэг
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.16
хайхрамжгүй хандсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 27.3
халаасны хувьцаа
худалдан авсан хувьцаа
Компанийн тухай хууль, 1999 он, 50.3
халдварт өвчний эсрэг дархлаажуулалт
халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоо
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.1
халхавчлах
тагнуулын ажлын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөр байгууллага, хүн, өөр үйл ажиллагаа, баримт бичиг болон бусад зүйл ашиглан далдлах
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.7
хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс
ус хангамжийн эх үүсвэрийг аж ахуйн үйл ажиллагааны улмаас хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор заагласан газар
Хот суурины ус хангамж, ариутгалын татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.7
хамгаалах байр
гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж, хохирогчид үйлчилгээ үзүүлэх газар
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.3
хамгаалуулагч
монгол улсын хууль, олон улсын гэрээний дагуу төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.1
хамтарсан зохиогчид
бие даасан хэсэгт хуваагдахгүй хамтын бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээд
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.2
хамтран оролцох
гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 34.1