Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

итгэлцлийн үйлчилгээ
итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.7
итгэмжлэгдсэн донор
тогтоосон хугацаанд донорын шалгуур шинжилгээнд урьдчилан хамрагдсан, сумын эмнэлгийн түвшинд яаралтай тусламж үзүүлэх тохиолдолд шууд цусаа өгөгч
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.8
итгэмжлэл
аливаа байгууллага, эсхүл хувь хүн нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх чадавхтайг нь эрх бүхий байгууллагаас тогтоож албан ёсоор хүлээн зөвшөөрөх ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.6
кадастр
газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.1
кадастрын зураг
газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад шаардагдах дэвсгэр зураг зохиох, газрын зургийн мэдээллээр геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой хийсэн бусад зураг
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.9
кадастрын зураглал
геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.2
кадастрын зураглалын мэдээллийн сан
бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн сан
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.7
комисс
өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээд
Иргэний хууль, 2002 он, 415.2
компани
хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд
Компанийн тухай хууль, 1999 он, 3.1
компани
хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 34.1
компани нэгдэх
компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэх
Компанийн тухай хууль, 1999 он, 20.1
компанийг тусгаарлах
компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэх
Компанийн тухай хууль, 1999 он, 22.1
компанийг хуваах
компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх 2 буюу түүнээс дээш компанид бүрэн шилжүүлэх
Компанийн тухай хууль, 1999 он, 21.1
компанийн өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгө
компанийн балансанд тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс компанийн өр төлбөрийг хасаж үлдсэн хэсэг
Компанийн тухай хууль, 1999 он, 31.1
компанийн хяналтын багц
компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцаа
Компанийн тухай хууль, 1999 он, 57.1
компаниуд нийлэх
хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэх
Компанийн тухай хууль, 1999 он, 19.1
лиценз
патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг бусдад ашиглуулах зөвшөөрөл
Патентын тухай хууль, 1993 он, 3.6
лиценз
барааны тэмдэг эзэмшигч бүртгэгдсэн тэмдгээ бусдад ашиглуулахаар өгсөн зөвшөөрөл
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.12
лиценз эзэмшигч
энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лиценз олгогдсон, эсхүл түүнийг шилжүүлэн авсан этгээд
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.10
лицензийг барьцаалах
Лиценз эзэмшигч нь МУ-ад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилт олох зорилгоор хайгуул, ашиглалтын баталгаа болгож лицензээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаанд өгч болно. Лицензийг барьцаалсан гэрээ ГУУ-н кадастрын албанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл