Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Х» үсгээр эхэлсэн 113 нэр томьёо.

холбогдох этгээд
тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээд
Банкны тухай хууль, 1996 он, 3.2.1
холбоо
нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 36.1
холбооны үндсэн дүрэм
олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны үндсэн дүрэм
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.6
хоол хүнс, эмнэлэг болон ахуйн хангамж
хоригдсон этгээд нь өдөрт 3400 килокалори /ккал/-аас дээш илчлэгтэй хоолоор үнэгүй хангагдах бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдана. Хүнсний болон нэн хэрэгцээтэй зүйлээ бэлнээр худалдан авах эрхтэй. Нэг хүнд 2.5 ба түүнээс дээш м2 талбай ногдох ёстой.Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохих журмын дагуу явуулна.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйл
хор уршиг гэм буруугүйгээр учруулсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан
Эрүүгийн хууль, 2002 он, 28.1
хорих ял
гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгах
Эрүүгийн хууль, 2002 он, 52.1
хоршоо
эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээд
Хоршооны тухай хууль, 1998 он, 3.1
хоршоо
эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 36.4
хот байгуулалтын кадастр
нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдлын үнэлгээ, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, хүн амын амьдрах орчны чанарын тухай зураглал, мэдээллийн нэгдмэл сан
Хот байгууллалтын тухай хууль, 1998 он, 3.1.5
хот байгуулалтын техникийн нөхцөл
хот, тосгон, түүний тодорхой хэсэг, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний цогцолборын зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио, дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах хяналтын албанаас авах зөвшөөрөл
Хот байгууллалтын тухай хууль, 1998 он, 3.1.2
хот доторх болон хот орчмын тээвэрлэлт
тухайн хотын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.10
хохирогчид үзүүлэх үйлчилгээ
хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх, нөхөн сэргээх ажиллагаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.5
хөвөлтөд тохирсон
тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоц экологи, аюулгүйн болон техникийн дүрмийн шаардлага хангасан, аюулгүй аялахад зайлшгүй шаардлагатай бүрэн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг, бүх төрлийн нөөц, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.5
хөдөлгөөний үндсэн зарчмууд
энэрэнгүй, шударга, төвийг сахих, бие даах, сайн дурын, нэгдмэл, түгээмэл байх олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний үндсэн зарчмууд
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.2
хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан
хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүү
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.8
хөдөлмөрийн гэрээ
нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.3
хөдөлмөрийн хамтын маргаан
хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүү
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.9
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих хөлсний хамгийн бага хэмжээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, 1998 он, 3.1
хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөл
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.10
хөлөг онгоц
далай ашиглах үйл ажиллагаа явуулахад зориулагдсан хөдөлгүүртэй буюу хөдөлгүүргүй инженерийн хөвөгч байгууламж
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.1