Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«О» үсгээр эхэлсэн 35 нэр томьёо.
объект
харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутаг
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.2
овог
нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэр
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.7
овор
хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүйн техникийн шаардлагын дагуу төмөр замын объект, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачаа байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1995 он, 3.11
ой зохион байгуулалт
ойн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүний хэмжээ, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судлан тогтоож, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тодорхойлох ажил
Ойн тухай хууль, 1995 он, 6.1
олон улсын ангилал
1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ниццийн хэлэлцээрээр баталсан “барааны тэмдэг бүртгэхэд ашиглах бараа, үйлчилгээний олон улсын ангилал”
Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.15
олон улсын гэрээг хүчингүй болгох
тухайн олон улсын гэрээг байгуулагч нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх буюу зөрчсөн тохиолдолд түүнийг дангаараа цуцлах
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.2
олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох
тухайн олон улсын гэрээг бүхэлд нь буюу түүний зарим заалтыг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар дагаж мөрдөхөөс түдгэлзэх
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.3
олон улсын нислэг
хоёр буюу түүнээс дээш улсын агаарын зайд үйлдэх нислэг
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.20
олон улсын регистр
бүх төрлийн хөлөг онгоцыг барих, барихад хэрэглэх материал, хөлөг онгоцны тоног төхөөрөмж, түүнчлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, бусад хэрэгслээр тоноглох журмыг боловсруулан гаргаж, хөлөг онгоцны зураг төсөл зохиох, барих, ашиглах явцад тэдгээрийн мөрдөлтөд хяналт тавих үүрэг бүхий олон улсын байгууллага
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.4
олон улсын терроризм
олон улсын харилцаа, улс орнуудын төрийн хяналт, удирдлагад нөлөөлөх зорилго бүхий улс дамжсан терроризм
Терроризмтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 3.1.2
олон улсын хөл хориот өвчин
олон улсын эмнэлэг, ариун цэврийн дүрэмд заасан өвчин
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он 3.1.13
олон улсын чанартай авто зам
монгол улсын олон улсын гэрээгээр улс хооронд авто тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн авто зам
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.7
олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл
хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгсэл
Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 42.1
онц хүнд гэмт хэрэг
энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэрэг
Эрүүгийн хууль, 2002 он, 17.5
онцгой албан татварын тэмдэг
МУ-ад үйлдвэрлэсэн болон импортлосон архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг олгох бөгөөд уг тэмдгийг Үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий МУ-ын хуулийн этгээд үйлдвэрлэнэ.Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан сери, дугаартай байна.Тэмдгийг Үндэсний татварын алба олгоно.Тэмдгийн загвар, олгох журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн батална.
онцгой албан татварын тэмдэгийн тухай 3, 4-р зүйл
онцгой болон энгийн хамгаалалтын бүс
усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар
Усны тухай хууль, 2004 он, 3.1.4
онцгой нөхцөлд байгаа хүүхэд
байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхэд
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1996 он, 15.1
орон нутгийн татвар
аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь, хэмжээг нь тогтоосон бөгөөд тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татвар
Татварын ерөнхий хууль, 1992 он, 15.2
орон нутгийн төсөв
орон нутгийн орлого, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүний санхүүжилтийн нийлбэр
Төсвийн байгууллагын санхүүжилтйин тухай хууль, 2002 он, 4.1.3
орон нутгийн төсөв
иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсөв
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 3.2.2