Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Б» үсгээр эхэлсэн 90 нэр томьёо.
багц цаг
дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.8
байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ
байгалийн баялгийн нөөцийг түүний даац, нөхөн сэргэх чадварыг харгалзан тодорхой хугацаанд ашиглаж болох хэмжээ
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 24.1
байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ
байгалийн тодорхой төрлийн баялгийн хэмжээг тоо, чанар болон мөнгөн үзүүлэлтээр тодорхойлсон
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 8.1
байгалийн болон нийтийг хамарсан гамшиг
олон хүний амь нас үрэгдэх, эрүүл мэнд хохирох, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэхэд хүргэдэг газар хөдлөлт, хүчтэй салхи, ган, зуд, үер, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг
Иргэний хамгаалалтын тухай хууль, 1994 он, 3.2
байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг
хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалан байгаль орчин, хүн ам, мал, амьтан, ургамал, тэдгээрийн удмын санд хөнөөл учруулахуйц хортой нөлөөлөл, өөрчлөлт үүссэн нутаг дэвсгэр
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 22.1
байгалийн нөөц газар
байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1994 он, 19 дүгээр зүйл
байгалийн төрц
400,0 граммаас дээш жинтэй эсхүл 3,0 х 2,0 сантиметрээс дээш хэмжээтэй, түүнээс бага боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн тогтоц, дүрс хэлбэрээрээ олдсон үнэт металл, үнэт чулуу
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.5
байгалийн төрц
онцгой чамин дүрс хэлбэртэй, байгалийн тогтоц хэлбэрээрээ олдсон үнэт металл, үнэт чулуу
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 5.5
байгалийн цогцолборт газар
байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, №994 он, 13 дугаар зүйл
байгаль орчин
хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг монгол улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.1
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоох
Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, 1998 он, 3.1.1
байгаль орчинд хортой нөлөөлөх
байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.6
байгаль орчныг бохирдуулах
байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлж үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал хаях
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 21.1
байгууллагын нууц
хүний эрх, нэр төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйл
Байгууллагын нууцын тухай хууль, 1995 он, 3.1.2
байлдааны агаарын хөлөг
байлдаанд ашиглах зориулалтаар зэвсэг, галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлөг
Улсын нисэхийн тухай хууль, 2003 он, 4.1.5
байлдааны зориулалттай галт зэвсэг
зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсэг
Галт зэвсгийн тухай хууль, 2001 он, 3.1.2
байнга оршин суугч
монгол улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар монгол улсад оршин суугаа гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.5
байнгын ажлын байр
ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.15
байнгын арбитр
арбитрын ажиллагааг байнга эрхлэн явуулах зорилгоор байгуулсан арбитр
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.1
байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.1