Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр тогтоол Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
Дугаар 02
text-align:right">Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 17.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон /илтгэгч/, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Энэхүү хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Б.Баяраа, Б.Мэргэн, Д.Одонтунгалаг, Б.Онолтуяа, П.Эрхэмбаяр, Ч.Өнөржаргал, түүний өмгөөлөгч А.Базар, мэдээлэл гаргагч иргэн Б.Болдбаатарын итгэмжилсэн төлөөлөгч Г.Оюунболд болон Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, шүүгч Г.Банзрагч нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн тус хуралдаанаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар" 11 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Б.Баяраа, Б.Мэргэн, Ч.Өнөржаргал, Д.Одонтунгалаг, Б.Онолтуяа, Т.Батсүмбэр-Уул, П.Эрхэмбаяр, Б.Агар-Эрдэнэ, Б.Болдбаатар, Д.Мөнхтуяа, Ж.Батхуяг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:
"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар" 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Жаран долдугаар зүйлд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчсөн тухай дараах мэдээллийг гаргаж байна. Үүнд:
1.Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн хяналтад хамаарах талаарх хуулийн үндэслэл:
Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж, улмаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэж нийтийн хэрэглээнд оруулдаг.
Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлаас баталсан хууль нь Үндсэн хуулийн цэцийн хяналтад байдаг тул хуулийн тайлбар нь Үндсэн хуулийн цэцийн хяналтаас гадуур байх боломжгүй. Учир нь Улсын дээд шүүхийн тайлбар нь бие даасан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт болдоггүй бөгөөд гагцхүү тухайн хуулийг хоёрдмол утгагүй, нэг мөр, эргэлзээгүй хэрэглэх зорилгоор хуулийн агуулга, үзэл баримтлалыг тодотгох замаар гаргадаг эрх зүйн баримт юм.
Иймд хуулийг Үндсэн хуулийн цэц хянаж, харин тухайн хуулийн тайлбар Үндсэн хуулийн цэцийн хяналтаас гадуур байх зүй тогтол байж болохгүй. Тухайн тайлбарласан хууль хүчингүй болох, нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд Улсын дээд шүүхийн тайлбар бие даан дангаар үйлчлэх боломжгүй тул дагаад хүчингүй болно. Хуулийн тайлбар нь тухайн хуулийн салшгүй нэг хэсэг болон үйлчилж эрх зүйн үр дагавар үүсгэх тул суурь хуулийнхаа нэгэн адилаар Үндсэн хуулийн хяналтад байх нь зүйн хэрэг.
Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь нэгд, Үндсэн хуульд нийцсэн байх; хоёрт, Улсын Их Хурлын хууль баталсан үзэл баримтлал, агуулгыг гажуудуулахгүй буюу хуулийг зөв тайлбарлах; гуравт, шинээр хэм хэмжээ тогтоож парламентын хууль тогтоох бүрэн эрхэд халдахгүй байх зэрэг үндсэн шалгуурыг хангах шаардлагатай. Хэрэв хуулийн тайлбар нь Үндсэн хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан, шинээр хэм хэмжээ тогтоосон тохиолдолд суурь хуулийнхаа нэгэн адилаар Үндсэн хуулийн цэцийн хяналтад орох зүй тогтолтой юм. Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэсний дагуу нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ болох хуулийг албан ёсоор тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар нь Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагатай. Үндсэн хууль зөрчсөн хууль, эсхүл Улсын дээд шүүхийн тайлбараар хэрэг маргааныг шийдвэрлэх нь Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчих сөрөг үр дагавар үүсгэнэ.
2.Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоолын тухай:
Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоолд "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ." гэсэн байна. Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" өөрчлөлтийг хуульчлахаас өмнө "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолох" зохицуулалттай хууль үйлчилж байсан.
Гэтэл Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх агуулгатай албан ёсны тайлбар Улсын дээд шүүхээс гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн өмнөх зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд тухайн үеийн хуулийн дагуу хэргээ шийдвэрлүүлэх эрхийг Улсын дээд шүүх зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг богиносгон тоолж эрх зүйн байдлыг дордуулсан шинэ хуулийг буцаан хэрэглэнэ гэж тайлбарласан байна.
3.Үндсэн хуулийн цэцийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болгосон хуулийн үйлчлэлийг Улсын дээд шүүх хууль тайлбарлах замаар агуулгаар нь сэргээсэн тухай:
Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд, их суудлын хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, уг хуулийг баталсан өдрөөс нь хүчингүй болгосон.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч нар нь "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтална." гэсэн тайлбарыг гаргаж байсан. Уг тайлбар нь үндэслэлгүй талаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын дүгнэлт, их суудлын тогтоолд тодорхой тусгасан. Гэтэл Улсын дээд шүүх яг энэ агуулгаар буюу Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь процессын шинжтэй тул буцаан хэрэглэхгүй гэсэн үндэслэлийг тус тайлбарыг гаргахдаа баримталсан байна. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл ойшоож, Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон хуулийг агуулгаар нь сэргээн тайлбарлах замаар хуулийн үйлчлэлийг дахин бий болгосон байна.
Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бөгөөд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд маргааныг дахин хянан шийдвэрлэх үндэслэлийг зааж өгсөн. Тухайлбал, тус хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан хэлэлцэнэ гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг Улсын дээд шүүх агуулгаар нь сэргээсэн нь шинэ нөхцөл байдал юм. Иймд Үндсэн хуулийн цэцийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчсөн Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний тайлбарыг Үндсэн хуулийн цэц хянах хуулийн үндэслэлтэй.
4.Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн үндэслэл:
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг зөрчсөн:
Монгол Улсын эрүүгийн эрх зүйн түүхэн уламжлал талаас авч үзвэл шинээр батлагдсан Эрүүгийн хууль, түүний нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэхдээ эрүүгийн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэсэн тохиолдол огт байхгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн "Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай" 20 дугаар тогтоолд хөөн хэлэлцэх хугацааг олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн зөв тайлбарласан байдаг. Харин Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь урьд өмнөх жишгээс өөрөөр буюу эрх зүйн суурь үнэт зүйлс, зарчим, олон улсын жишгийг зөрчиж тайлбар гаргаснаар шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан байна.
Эрүүгийн хууль (2015)-ийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.", 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.", 3 дахь хэсэгт "Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна." гэсэн байна. Ингэснээр хууль тогтоогч нь "гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэсэн зохицуулалтыг хоёрдмол утгагүй, ойлгомжтойгоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх ойлголт нь Эрүүгийн хуулийг бүхэлд нь илэрхийлсэн ойлголт юм. Гэтэл Улсын дээд шүүх 2022 оны 11 дүгээр тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийн зарим зохицуулалт процессын шинжтэй, зарим зохицуулалт материаллаг шинжтэй гэж тайлбарласан байх бөгөөд процессын шинжтэй зохицуулалтыг буцаан хэрэглэхгүй гэх байдлаар хууль тогтоогчийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдсанаар төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмыг ноцтойгоор зөрчсөн байна. Эрүүгийн хуулийг процессын, материаллаг гэж ангилан, улмаар буцаан хэрэглэх эсэхийг ялгамжтай хэрэглэх эрхийг Улсын дээд шүүхэд хуулиар олгоогүй, ийм эрхийг хэн ч өгөөгүй. Хэрэв Эрүүгийн хуулийн зарим зохицуулалт процессын шинжтэй гэж үзвэл тухайн зохицуулалтыг процессын хууль буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах эрх нь гагцхүү хууль тогтоогч Улсын Их Хуралд хадгалагдана. Улсын дээд шүүх нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдаж Эрүүгийн хуулийн зарим хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хамаарна гэж тайлбарлах үндэслэл огт байхгүй. Улсын дээд шүүх нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ хууль санаачлагчид уламжлах эрх нь нээлттэй боловч хуулийг тайлбарлах нэрийдлээр засварлах эрхгүй юм.
Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ." гэснийг зөрчсөн:
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. ...", 10 дугаар зүйлд "Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.", Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч ... хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй. ...", 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ...", 7 дахь хэсэгт " Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.", 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй, түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ.", 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. ..." гэсэн байна.
Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг дотоодын хууль тогтоомжид тусгасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." зэргээр хуульчилсан байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг богиносгох замаар эрх зүйн байдлыг дордуулсан тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй юм. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч ... хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй. ..." гэдэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргээ шийдвэрлүүлэх, тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол уг хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрхтэйг тусгасан байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргээ шийдвэрлүүлэхийг процессын эрх буюу шударгаар шүүлгэх үндсэн эрхэд хамааруулдаг.
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ..." гэснийг зөрчсөн:
Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шүүхийн практикт харилцан адилгүй шийдвэрлэгдэж байна. Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол гарахаас өмнө прокурорын болон шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолж байсан бол уг тайлбар гарснаас хойш шийдвэрлэгдсэн, цаашид шийдвэрлэгдэх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татсанаар тасалдах байдлаар шүүхийн практикт ялгамжтай, алагчилсан шийдвэр гарах үндэслэлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн тухайд хэргийн шийдвэрлэлтийн явцаас хамаарч Улсын дээд шүүхийн тайлбарын өмнө, хойно гэдгээс шалтгаалан харилцан адилгүй ялгамжтай шийдвэрлэснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хэргээ шударгаар шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчиж байна.
Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчсөн:
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт, 2021 оны 01 дүгээр тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолоор хүчингүй болгосон хуулийг агуулгаар нь шууд сэргээсэн байна. Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний албан ёсны тайлбар нь тухайн хуулийн шууд тусгал болсон эрх зүйн баримт бөгөөд тайлбар нь хуульгүйгээр бие даан үйлчлэх боломжгүй. Иймд Үндсэн хууль, бусад хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн хяналтад Улсын Их Хурлаас баталсан хуулийг оруулсан байх бөгөөд тухайн хуулийн тайлбарыг тусгайлан хянах талаар хуульд тусгах хэрэгцээ шаардлага байхгүй юм. Угаас хуулийг Үндсэн хуулийн цэцийн хяналтад оруулсан тул хуулийн салшгүй хэсэг болох хуулийн албан ёсны тайлбар хяналтаас гадуур байх зүй тогтол байхгүй гэдэг нь энгийн ойлгомжтой зүйл юм.
Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ буюу хууль, түүний салшгүй хэсэг болох албан ёсны тайлбарын аль алиныг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах бүрэн эрхтэй. Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний тайлбар нь Үндсэн хуулийн цэцийн хяналтад үгчлэн тусгагдаагүй гэх явцуу шалтгаар Үндсэн хуулийн хяналтад оруулахгүй тохиолдолд Улсын дээд шүүх нь дээрх байдлаа Үндсэн хууль, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомж зөрчсөн тайлбар гаргах, хуулийг хууль тогтоогчийн хүсэл зоригийн эсрэг дур мэдэн тайлбарлах, түүнчлэн хууль тайлбарлах нэрийдлээр шинэ хэм хэмжээ тогтоох замаар хууль тогтоогчийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдах сөрөг үр дагаврууд үүснэ. Хууль тогтоогчийн бүрэн эрхэд шүүх байгууллага халдах нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт тэнцлийн суурь зарчмыг алдагдуулах үр дагавартай юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах зорилготой байх боловч Улсын дээд шүүхийн тайлбар нь шүүхийн зорилгыг зөрчиж, иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан шинжтэй байх бөгөөд уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол иргэдийн эрх, эрх чөлөө, амьдрал, хувь заяанд сөргөөр нөлөөлөх ноцтой уршиг шүүхийн практикт үүсгэж байна.
Иймд Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Жаран долдугаар зүйл, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
"... 1.Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтын зорилго өөрчлөгдсөн талаар:
Эх газрын буюу Ром-Германы эрх зүйн системтэй орнуудад анх хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлж болохгүй хугацаа гэсэн агуулгаар хуульчилж, улмаар орчин цагт дэлхийн ихэнх улс оронд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй хугацаа гэсэн утга санаагаар процессын шинжтэй хэм хэмжээ болгон хэрэглэж байна.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан Монгол Улсын Эрүүгийн хуулиудад гэмт хэргийн төрөл, оногдуулах ялын хэмжээнээс хамааруулан ялгамжтай тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан хууль хэрэглээний практик бий.
Манай улсын эрүүгийн хууль тогтоомжийг хөгжүүлэхэд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын хуулийг загвар болгож байсан социалист нийгмийн үеийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой энэхүү уламжлалт зохицуулалтын мөн чанар нь мөрдөх байгууллага эрүүгийн хэргийг шуурхай илрүүлж, тасралтгүй мөрдөн шалгаж, улмаар хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэж хохирсон хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээхэд оршиж байсан бөгөөд хэрэв энэ хугацааны дотор хэргийг эцэслэн шийдвэрлэж чадахгүй бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх императив шинжийг агуулсан хэм хэмжээ бүхий хуулийн шаардлага байсан юм.
Энэхүү зохицуулалтын сөрөг тал нь ердийн журмаар шалгагдаж буй ээдрээ төвөгтэй эрүүгийн хэргийн нийгмийн хор аюул арилаагүй, хохирогч болон нийтийн эрх ашиг нөхөн сэргээгдээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг үйлдсэн нь нэгэнт тогтоогдсон хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үр дагаврыг бий болгодог бөгөөд хэргийг ийнхүү шийдвэрлэснээр мөрдөх болон шүүх байгууллагын явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн, түүнд зарцуулсан хүч хөдөлмөр, цаг хугацаа, зардал үнэгүйдэж, нийгэм дэх шударга ёсны ойлголт алдагдаж, гэмт хэрэгтнүүд ял завших боломжтой болдог.
Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаар эрүүгийн эрх зүйд нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт нь аливаа гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрөх тусам гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлэх, улмаар хэргийг мөрдөн шалгаж гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг хөдөлбөргүйгээр тогтоох боломжгүй болсныг хүлээн зөвшөөрч, эргэлзээ бүхий сул нотлох баримтаар хүнийг хилсээр ял шийтгэхээс сэргийлэх, мөн тухайн хэргийн талаар хэн нэгэн гомдол, мэдээлэл гаргаагүй, эсхүл цаг хугацааны явцад хохирогч гэм буруутай хүнийг уучилж, гэмт хэргийн улмаас бий болсон айдас хүйдэс, тааламжгүй дурсамжийг мартсан бөгөөд уг хэргийн талаар гомдол гаргаж шалгуулах нь хохирогчийн хувьд ач холбогдолгүй болсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааруулан хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдээгүй бол түүнийг гэм буруугаа ойлгож ухаарсан, нийгэмд аюулгүй болсон гэж үзэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх цаг хугацааны шалгуурыг илэрхийлдэг.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор Г.Совд "Эрүүгийн хуулийн тайлбар" бүтээлдээ "гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй (хөөн хэлэлцэх) хугацааг хуульчилсан явдал бол гэмт хэрэг үйлдсэнээс хойш уг этгээдийг илрүүлж, эрүүгийн хариуцлагад таталгүй удаан хугацаа өнгөрсөн үед хуульд заасан болзол бүрдсэн нөхцөлд хэрэг хуучирсан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх нь хууль ёсны үндэслэл юм. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш илрэхгүй хуульд заасан хугацаа өнгөрч гэмт хэрэг хуучирсан тохиолдолд эрүүгийн хариуцлагад татаж болдоггүйн шалтгаан гэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ямар ч зорилгогүй болсон байдаг." гэжээ.
Харин хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тасарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан ердийн журмаар явуулж, нотолбол зохих байдлыг шалгасны дараа шүүх цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалтыг дэлхийн улс орнууд олон улсын гэрээ, эрх зүйн зарчмуудад нийцүүлэн эрүүгийн хууль тогтоомждоо нарийвчлан хуульчилж, эрх зүйн систем даяаршин хөгжихийн хэрээр түүнийг улам боловсронгуй болгож, зарим төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан хөөн хэлэлцэх хугацаа тоолох тусгай журмыг тогтоох, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх зэргээр өөрчлөн хөгжүүлсээр байна. ...
1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн баталснаар нийгмийн харилцааны шинэ хандлага, Үндсэн хуулийн хэм хэмжээ, зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн эрх зүйн хуучин тогтолцоог бүхэлд нь өөрчлөн халж, хүний эрхийг баталгаатай хангахад чиглэсэн хууль тогтоомжийн шинэ тогтолцоог бий болгох анхны алхмууд эрчимтэй хийгдэж, ардчилсан төр төлөвшин хөгжих хууль зүйн үндэс бүрэлдсэн билээ.
Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, үнэт зүйлсийг гэмт халдлагаас хамгаалах Эрүүгийн хууль тогтоомжийн талаар төрөөс баримтлах эрүүгийн эрх зүйн бодлогыг үндсээр нь шинэчлэхээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг илрүүлж, шалгах, гэмт этгээдэд шударгаар ял оногдуулахад чиглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шинэчлэн тогтоож, шинэ нийгмийн үнэт зүйлсийг аливаа гэмт халдлагаас хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл баримтлал бүхий эрүүгийн багц хуулиудыг батлан гаргах анхны томоохон шинэчлэл 2002 онд хийгдсэн бөгөөд уг хуулиудын хэрэгжилтийн үр дүнг харгалзан эрүүгийн хууль тогтоомжийг дахин өөрчлөн боловсруулж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, эрх зүй өндөр хөгжсөн улс орнуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд бүрэн нийцүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн томоохон шинэчлэл 2015-2017 онд хийгдэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг хоорондоо харилцан хамааралтай багц хуулиудыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хамтад нь хүчин төгөлдөр дагаж мөрдсөнийг дурдах нь зүйтэй. ...
Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх, яллагдагчаар татаж мэдүүлэг авах, нэгжлэг хийх, эд хөрөнгө хураах, цагдан хорих тухай шийдвэрийг танилцуулах, яллах дүгнэлт гардуулах, шүүхийн хэлэлцүүлэг явуулах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсан тохиолдол бүрд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тасрах зохицуулалтыг дотоодын хууль тогтоомждоо тусгахыг зөвлөсөн байдаг.
Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно." гэж, мөн шинэчлэн найруулсан 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад "гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан;" болох нь тогтоогдвол прокурор, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар тус тус хуульчлан зааж, өмнөх хуулиас зарчмын өөр агуулгатай хэм хэмжээг хуульчилсан нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх онолын нийтлэг ойлголт, олон улсын гэрээний шаардлагад нийцсэн бөгөөд энэхүү хуулийн шинэчлэл нь Монгол Улсад хариуцлагатай, шударга төрийг бэхжүүлэхэд чухал алхам болсон гэж дүгнэж болно.
Мөн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацаа, түүнд прокурор хяналт тавьж, сунгах журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлд нарийвчлан зохицуулснаас гадна шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, түүнийг сунгах журмыг мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 40.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус тусгайлан хуульчлан заасан тул гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг өмнөх Эрүүгийн хуулийн агуулгаар ойлгож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тоолох замаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах давхардсан зохицуулалт шаардлагагүй болсныг дурдах нь зүйтэй.
2.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт, түүний хууль зүйн үр дагаврын талаар:
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй, уг хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно." гэсэн зохицуулалтыг бодитой үнэлэх боломж бий болоогүй байхад Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох"-оор өөрчлөлт оруулсан нь агуулгын хувьд мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:" гэсэн заалттай харилцан зөрчилтэй болсноос гадна яллагдагчаар татсанаас хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг прокурор, шүүх хэрхэн шийдвэрлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй орхигдуулсан нь (32.5 болон 34.19 дүгээр зүйлд зөвхөн "гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан" бол прокурор, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан) уг хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон юм.
Мөрдөгч, прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бол тухайн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлд заасан хугацаанд явуулах ба зайлшгүй шаардлагатай бол мөрдөн шалгах хугацааг прокурор сунгаж, хяналт тавих зохицуулалтыг уг хуульд тусгайлан хуульчилсан байхад хууль тогтоогч 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан нь агуулгын хувьд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудтай харилцан уялдаагүй зохицуулалт болсон.
Эрүүгийн хуульд дээрх өөрчлөлтийг оруулсан үйл явц Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийгдсэн эсэх, уг хууль Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зорилго, зарчим, бусад хуулийн хэм хэмжээтэй уялдаж нийцсэн эсэх нь хуульчид, улс төрчид төдийгүй олон нийтийн зүгээс ихээхэн маргаан, шүүмжлэл дагуулж, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгах зайлшгүй шаардлага бодитой үүссэн бөгөөд тухайн үед Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан асуудлаар тусгайлан шалгалт явуулсныг анхаарч, уг шалгалтын дүнг энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд харгалзан үзэх нь зүйтэй.
Ийнхүү хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно." гэсэн өмнөх заалтыг сэргээн хуульчилснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн харилцан зөрчилтэй байдал, мөн дээр дурдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хооронд үүссэн хийдэл арилсан юм.
3.Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчимд хамаарахгүй талаар:
Хууль тогтоогч хууль буцаан хэрэглэх зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд "1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг ... буцаан хэрэглэнэ. 2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. 3.Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна." хэмээн томьёолж хуульчилсныг шинжилж үзэхэд ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцох, эсхүл эс эрүүжүүлэх, түүнд оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээг чангаруулсан, эсхүл хөнгөрүүлсэн эсэхээс хамаарч шүүгдэгчид аль ашигтай хуулийг хэрэглэх агуулгыг илэрхийлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан "... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг ... хэрэглэнэ." гэдгийг хэрхэн ойлгож хэрэглэх нь хууль зүйн маргаан дагуулж байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим (Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална)-д тулгуурлан тайлбарлах боломжтой.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй, түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ." гэж хууль буцаан хэрэглэхэд баримтлах зарчим, түүнд хамаарах материаллаг шинжтэй хууль зүйн ойлголтуудыг тодорхой заажээ.
Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулга болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй." гэж зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, дордуулсан хууль гэдэгт эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь, түүний дотор гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хамааруулан, дэлгэрүүлж авч үзэх боломжгүй юм.
Харин хууль тогтоогч Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийн гипотез, диспозицэд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг шинээр нэмэх, эсхүл хасах, түүнчлэн гэмт хэргийн зарим хүндрүүлэх шинжийг өөр гэмт хэргийн үндсэн, эсхүл хүндрүүлэх шинжид нэгтгэн зүйлчлэх, эсхүл бие даасан гэмт хэрэг болгож хуульчлах зэрэг материаллаг шинжийг агуулсан, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд шууд нөлөөлөх өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан "гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль, эсхүл дордуулсан хууль" гэх ойлголтод хамааруулан авч үзэх үндэслэлтэй.
Улсын дээд шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг албан ёсоор тайлбарлахдаа бусад улс орны хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллага уг асуудлыг хэрхэн зохицуулж, тайлбарлаж, хууль хэрэглээний жишиг тогтоосныг харьцуулан судалж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрүүгийн хуульд заасан зарим онц хүнд гэмт хэрэг (хүнийг алах)-ийн хөөн хэлэлцэх хугацааг хууль тогтоох байгууллага хэд хэдэн удаа сунгаж өөрчилсөнтэй холбоотойгоор хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэх эсэх маргааныг тус улсын Үндсэн хуулийн шүүх хянан хэлэлцээд, 1969 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 BvL 15, 23/68 дугаар шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг тогтоосон хэм хэмжээ нь тухайн гэмт үйлдэлд ял шийтгэл оногдуулах асуудалтай хамааралгүй тул хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй гэсэн агуулгатай хууль зүйн дүгнэлт хийснээс гадна гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй хэргийн хувьд тухайн төрлийн гэмт хэрэгт хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг сунгах замаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь бүх насаар хорих ял оногдуулахаар заасан онц хүнд гэмт хэргийн хувьд эрх зүйт төрийн зарчим болон тэгш эрхийн зарчмыг зөрчихгүй гэж дүгнэсэн болно.
4.Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй талаар:
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ." гэж албан ёсны тайлбар гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль"-ийн хэм хэмжээг агуулгаар нь сэргээн хуульчлах зорилгыг агуулаагүй юм.
Харин хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх хэрэгцээ, шаардлага бодитой бий болсон нь холбогдох анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд, тэдгээрт Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгааны үр дүнгээр тогтоогдсон тул шүүхийн практикт үүссэн хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтыг арилгаж, шударга ёс, хууль дээдлэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах зорилгоор Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн албан ёсны тайлбар болно.
Иймд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ." гэж албан ёсны тайлбар гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Жаран долдугаар зүйлд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.
Гурав. Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
"... Монгол Улсын иргэн хэн боловч Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй этгээд болохынхоо хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх зүйн акт, албан тушаалтны үйлдэл Үндсэн хуулийн аль нэг зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, тухайн өргөдөл, мэдээлэл нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын объектын хүрээгээр хязгаарлагдана.
Үндсэн хуулийн цэцийн хяналтын объектыг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхой заасан бөгөөд үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зохицуулсан. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Үндсэн хуульд заасан Үндсэн хуулийн цэцийн хяналтын объектыг өргөтгөөгүй, ийм ч боломжгүй байтал Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүний тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн хяналтын объектыг нэмэгдүүлж байгаа нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна.
Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" онцгой бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд олгосон, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ." гэж тусгайлан заажээ.
Энэхүү Улсын дээд шүүхийн онцгой бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагаагүйгээс үзэхэд Улсын дээд шүүх, түүний гаргасан шийдвэр нь "эцсийн шийдвэр" бөгөөд Үндсэн хуулийн цэц болон өөр бусад аливаа эрх мэдэл бүхий субъектийн хяналтад байхыг Үндсэн хуулиар зөвшөөрөөгүй, үүгээрээ шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь төрийн эрх мэдлийн бусад институт болох Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс ялгаатай байна.
Нэгтгэн дүгнэвэл, Үндсэн хуулийн цэцэд бусад шүүхийн шийдвэрийг, тухайлбал, Улсын дээд шүүхийн шийдвэрийг, үүний дотор нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг хянах, Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт, магадлал гаргах, хүчингүй болгох эрх мэдэл байхгүй. Ийм ч учир Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдаж, Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаас эдүгээ хүртэл Улсын дээд шүүх, түүний гаргасан аливаа шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянаж байгаагүй нь Үндсэн хуулийн тодорхой, хоёрдмол утгагүй дээрх заалтаар баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь зарчмыг Үндсэн хуулийн цэц дээдлэн сахиж ирсэнтэй холбоотой гэж үзэж байна." гэжээ.
Дөрөв. Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
"... 1.Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоол ба Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол:
Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хамгаалан баталгаажуулсан дараах үнэлэлт, дүгнэлтүүдийг өгсөн.
Уг хууль нь хуулийн дагуу эрх бүхий этгээд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгахаар тогтоосон нь иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөлийг бүрдүүлсэн; Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан буюу тодорхой төрлийн гэмт хэргийн талаар тухайлан зааж өөр журам тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх тэгш байх зарчмыг хууль батлах замаар зөрчсөн; Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тэгш эрхийн зарчим болон хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй талаарх заалтыг хөндсөн; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах агуулгатай зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгахгүйгээр дагаж мөрдөх журмын тухай хуулиар тогтоосон зэрэг болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдааны 12 дугаар дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоосон.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрхэн нэг мөр ойлгож хэрэглэх талаарх албан ёсны тайлбар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах агуулгатай зохицуулалтыг эрүүгийн процессын хуульд бус эрүүгийн материаллаг хуулийн бүтцэд тусгасан тохиолдолд түүнийг шүүн таслах ажиллагаанд хэрхэн хэрэглэх зарчмыг эрх зүйн орчин үеийн онол, шүүн таслах ажиллагааны өнөөгийн практикт тулгуурлан тогтоосноор Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтэд заасан эрүүгийн процессын эрх зүйн тогтвортой харилцааг шилжилтийн үеийн түр үйлчлэх хуулиар зохицуулж болохгүй тухай үзэл баримтлалыг өөртөө агуулж шүүхэд бодитой хэрэгжүүлсэн шийдвэр болсон гэж Улсын дээд шүүх үзэж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсгүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу эрүүгийн процесст хамаарах зохицуулалт болохыг Улсын дээд шүүх онцолж, тэдгээрийг хууль тогтоогч хууль тогтоомжийг системчлэх техник хэрэглэж Эрүүгийн хуульд тусгасныг материаллаг шинж чанарт шилжсэн гэж механикаар дүгнэж, улмаар зохицуулалт шинэчлэгдсэн үед хэрэглэх хуулийг сонгохдоо эрүүгийн процессын хэм хэмжээнд үйлчилдэггүй хууль буцаах зарчмыг хэрэглэх нь зохист процедурын зарчмыг ноцтой зөрчихийг тэмдэглэсэн. Ийм байдлаар Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтэд дурдагдсан үндэслэлийг тодотгож, улмаар бий болсон нөхцөл байдалд буюу материаллаг хуульд тусгагдсан процессын хэм хэмжээг язгуур шинж чанараар нь хэрэглэх шаардлагын үндэслэл, зөрүүлэн хэрэглэхийн сөрөг үр дагаврыг нотлон тайлбарласан баримт бичиг болсон билээ.
2.Хууль буцаан хэрэглэх зарчим ба процессын хэм хэмжээ:
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх болон хэрэглэхгүй байх тохиолдлыг эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмын хүрээнд тодорхойлсон. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан. Эндээс үзвэл хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь гэмт хэргийн шинж бүрэлдэхүүн, ялын хэмжээг гэмт хэрэг гарснаас хойш хүндрүүлэн өөрчилсөн хуулийг хэрэглэхгүй байх, хөнгөрүүлсэн тохиолдолд сүүлд гарсан хуулийг өмнөх үйл баримтад буюу гэмт хэрэгт хэрэглэх тухай утгыг өөртөө агуулж байна. Хөнгөрүүлсэн хууль гэдэгт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт бас хамаарахаар хуульчилжээ.
Хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн материаллаг эрх зүйн буюу нийгмийн харилцаанд оролцож буй субьектуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлсон хэм хэмжээнд үйлчилдэг нь хууль зүйн үйл баримт бий болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх, үүргийн тогтолцоог хүндрүүлэн өөрчлөх байдлаар субъектийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглодогтой холбоотой. Материаллаг хуулийг хэрэгжүүлэх зорилготой процессын харилцаанд субъектийн эрх зүйн байдал нь материаллаг зохицуулалтаар тогтсон төлөв байдлаа хадгалсаар байх ба процессын хэм хэмжээгээр өөрчлөгдөн тогтоогддог байж болохгүй. Ингэвэл шударга ёсны зарчмыг илтэд үгүйсгэсэн хэрэг болох ба ямар гэмт хэрэг үйлдсэнээр бус хэргийг аль журмаар хянан шийдвэрлэхээс хамаарч шүүгдэгчийн эрх зүйн байдал өөрчлөгдөж байхыг хүлээн зөвшөөрөх нь цаашдаа адил гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэгш бус байдалтай болох эрсдэлийг шууд дагуулна.
Ийм учраас хууль буцаан хэрэглэх зарчим нь зөвхөн эрүүгийн хуульд үйлчлэх ба эрүүгийн процессын хуулийг уг зарчимд захируулж болохгүй юм. Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бус Эрүүгийн хуульд тухайлбал, 1.9 дүгээр зүйлд хууль ёсны зарчимд хамааралтай lex retro non agit гэх хууль буцаан хэрэглэх тухай ойлголтыг хуульчилсан ба харин үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчимд хамаарах in dubio pro гео буюу хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээг арилгах тухай процессын зохицуулалттай адилтган ойлгож болохгүй. Хуульд нийцсэн сонголтуудаас шүүгдэгчид ашигтайг хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчим тул дээрх тохиолдлуудад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тухай адил шийдвэр гаргаж байгаа нь тэдгээрийг нэгдмэл зохицуулалт болохыг харуулахгүй. Эхний тохиолдолд шинэчлэгдсэн зохицуулалтыг өмнөхтэй нь харьцуулж хөнгөнийг нь хэрэглэж байгаагаар хуулийн агуулгын эргэлзээт байдалтай холбоогүй шийдвэр гаргах бол удаах нь нэг хууль дахь заалт салаа утгатай буюу утга тодорхойгүй байгааг шүүгдэгчид ашигтай хувилбараар шийдвэрлэж хуулийн эргэлзээг арилгаж буй ажиллагаа юм.
Дээр өгүүлснээр материаллаг хэм хэмжээ нь шүүгдэгчийн хувьд эрх, үүрэг бий болгож байдаг бол процессын хэм хэмжээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн хувьд эрх, үүрэг үүсгэдэг тул хамаатуулан хэрэглэх цаг хугацаа, үйл баримтууд нь мөн өөр, өөрөөр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн аль хуулийг хэрэглэх шалгуурыг гэмт хэрэг, түүнийг үйлдсэн цаг хугацаагаар тодорхойлох бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд процессын тодорхой ажиллагаа, түүнийг явуулах шаардлага үүсч буй цаг хугацаа шийдвэрлэх үүрэгтэй. Иймээс гэмт хэрэг гарсан цаг хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг сонгохгүй, харин шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийг тодорхойлох ба тухайн процессыг хэрэгжүүлж буй цаг хугацаа нь өмнөх, дараах процессын журмын алийг хэрэглэх шалгуур болж байх учиртай.
3.Хууль буцаан хэрэглэх зарчим ба хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт:
Хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон зохицуулалт нь материаллаг шинжтэй тул гэмт хэрэг гарсан үед үйлчилж байсан хуулиар тодорхойлогдож, түүнийг тоолох тухай зохицуулалтыг процессын шийдвэр гаргах үед хүчин төгөлдөр байгаа хуулиар тогтоох нь эрх зүйн хэм хэмжээг уугуул шинж чанарт нь нийцүүлэн зөв хэрэглэж буй явдал гэж тайлбарт үзсэн. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолохыг шийдвэрлэх үндэслэл байх учиргүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг тоолох шинэ журмыг хэрэглэхэд гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь ач холбогдолгүй, харин процессын тодорхой ажиллагаа явуулах гэж буй тухайн цаг хугацаанд уг журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэхийг чухалчлан анхаарна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн шүүхийн 1969 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 BvL 15, 23/68 дугаар шийдвэрт тус улсын Үндсэн хуулийн 103 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг буцаан үл хэрэглэх хориг нь strafbarkeit буюу гэмт хэргийн шинж, түүнд харгалзах ялд хамаарах ба гэмт хэрэг гарснаас хойш тэдгээрийг хүндрүүлсэн бол уг хуулийг хэрэглэхгүй байх тухай ойлголт гэж тэмдэглээд хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт үүнд хамаарахгүй болохыг тайлбарлажээ. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт гэмт хэргийн бүрэлдэхүүн, ял болон хөөн хэлэлцэх хугацааны хэмжээг хөндөхгүй зөвхөн тоолох буюу эхлэх, дуусах, зогсоох, түдгэлзүүлэх горимыг тогтоодгоороо шүүгдэгчийн гэм буруутай байдлыг хөндөхгүй бөгөөд хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй байх хоригт хамаарахгүй гэжээ.
Хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй байх нь эрх зүйт төрд хэвшмэл эрх зүйн тодорхой байдлын постулатаас урган гарах ба энэ нь хувь хүн өөрийн зан үйлд нөлөөлөх төрийн оролцоог урьдчилан харж, түүнийг тооцож өөрийгөө удирдан жолоодох, үр дагаварт бэлэн байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Тодруулбал, хувь хүн хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн үедээ урьдчилан таамаглаж байснаас илүү таагүй үр дагаварт хожмын хуулиар хүргэхгүй гэдэг итгэл үнэмшлийн баталгааг эрх зүйн тодорхой байдал гэх ба энэхүү баталгааг бүрдүүлэх үүргийг төр хүлээнэ. Эндээс дүгнэхэд хувь хүн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох Эрүүгийн хуульд заасан шинж, мөн түүнд оногдуулах ял шийтгэлийг гэмт хэргийг үйлдэхээс өмнө мэдэх эрхтэй ба түүнийг урьдчилан таниулах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах үүрэг нь төрд байна.
Харин хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тоологдох нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш бий болох илрэлт, нотлох баримт бүрдэх, шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдэх болон оргон зайлах зэрэг урдаас мэдэх боломжгүй олон нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөх тул урьдчилан тооцох боломжгүй, тоолох журмыг мэдэх нь иргэний гэмт хэрэг үйлдэхээс өмнөх зан үйлийг журамлах, гэмт хэргээс татгалзахад ямар нэгэн нөлөөгүй байна.
Эндээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тогтоодоггүй, хугацаа тоологдох байдал нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас бус түүнээс хойш бий болох нөхцөл байдлуудтай уялдан өөрчлөгддөг учир түүнийг өмнөх гэмт хэрэг, цаг хугацаатай холбон үзэх, улмаар энэ цаг хугацаанд буцах асуудлыг тусгадаг хууль буцаан хэрэглэх зарчимд хамаатуулах нь буруу болох нь илт байна. Хөөн хэлэлцэх хугацааны үргэлжлэх хэмжээ нь хэргийн байдал буюу зүйлчлэлээс хамаараад өөр, өөр байхад түүнийг тоолохдоо бүх гэмт хэрэгт нийтлэг журмаар хэрэгжүүлж хэргийн нөхцөл байдлаас бус хожим процесст бий болох тодорхой тохиолдлуудын улмаас зогсоож, тасалж, мөн түдгэлзүүлж байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай бусад зохицуулалтын адил хууль буцаан хэрэглэх зарчим хэрэглэгдэхгүй гэж үзэх ёстой.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль буцааж хэрэглэхийг хориглохдоо зөвхөн "... эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдэл" болон "... гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл" бүхий хуульд хамаатуулан тусгасан байна.
Мөн Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 22 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид ашигтай хуулийг хэрэглэх тохиолдлыг зөвхөн гэмт хэргийн шинж бүрэлдэхүүн, гэмт үйлдэл, эс үйлдэхүйн материаллаг тодорхойлолттой холбогдуулан зөвшөөрсөн. Ромын дүрмийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэргийг нотлох болон хянан хэлэлцэх ажиллагааны журамд хожим орсон өөрчлөлтийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар буцаан хэрэглэхийг хориглосон нь шүүдэгчийн хувьд өмнөх процессын хуулийн үйлчлэлээр нэгэнт бий болсон үр дүнг шинэ процессын хуулиар хүчингүй болгож хүндрүүлэн тогтоохыг хориглосон агуулгатай ба процессын өмнөх болон шинэчлэгдсэн хэм хэмжээнүүдийг нэг харилцаанд давтан хэрэглэж өөр, өөр үр дагавар үүсгэхгүй байх тухай тул процессын шийдвэр гараагүй, үр дагавар үүсээгүй харилцаанд процессын шинэ хэм хэмжээг хэрэглэхийг үгүйсгэжээ гэж ойлгож болохгүй.
Материаллаг зохицуулалт буцаж үйлчлэх асуудлыг хэлэлцэхдээ гэмт хэрэг, түүний гарсан цаг хугацаанд буцааж хэрэглэх тухай авч үздэг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай зохицуулалтын буцах үйлчлэлийн талаар хөндөхөд хүрвэл гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бус, харин хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг гүйцэтгэсэн цаг хугацаанд буцаах, уг ажиллагааг дахин шинэ журмаар явуулах эсэх тухай асуудалд дүн шинжилгээ хийх ёстой юм. Иймээс шүүгдэгчийн материаллаг эрх зүйн байдал нь гэмт хэрэг үйлдсэнээр тогтоогдож байдаг бол процессын эрх зүйн байдал нь хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааны үр дүнд бий болсон үр дагавраар тодорхойлогдоно гэж үзэж Ромын дүрмийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь хэргийг хянан шийдвэрлэх явцад тодорхой процесс ажиллагааны үр дүнд бий болж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох болсон нөхцөл байдлыг шинэ журмын дагуу уг ажиллагааг дахин явуулсны үндсэн дээр дордуулан тогтоохыг хориглож буй гэж ойлгох учиртай.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт, 2021 оны 01 дүгээр тогтоол нь нэгэнт хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгах, гэмт хэргийн талаар тухайлан зааж өөр журам тогтоох, хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч дахин шүүх буюу шийтгэхийг буруушааснаараа дээрх зарчмуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баталгаажуулсан чухал шийдвэрүүд болсон юм. Үүнийг Улсын дээд шүүх 2022 оны 11 дүгээр тогтоолоороо бүрэн дэмжиж санал нэг байгаагаа илэрхийлсэн.
4.Дүгнэлт
Шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, тоолох зохицуулалтыг хэрэг маргаанд хэрэглэхдээ материаллаг эсвэл процессын хуульд тусгагдсанаар бус зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулга, зорилгод ач холбогдол өгч, эрх, үүргийг бий болгож байгаа, эсвэл эрх, үүргийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж байгаагаар нь ялган дүгнэж язгуур чанараар нь хэрэглэх нь шүүн таслах ажиллагааны зохистой практикийг бий болгох ач холбогдолтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах зохицуулалт нь материаллаг хуульд тусгагдсан байсан ч хууль буцааж хэрэглэх зарчимд захирагдахгүй.
Эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээний үйлчлэл юуг гэмт хэрэгт тооцох, ямар шинж бүрдэлтэй байх, тэдгээрт ногдуулах ялын төрөл, хэмжээ зэрэгт төвлөрдгөөс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай, харин процессын хэм хэмжээ хэргийг хянан шийдвэрлэхэд чиглэдгээс хэргийг хянаж буй цаг хугацаатай тус тус уялдах тул материаллаг хэм хэмжээний хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн буюу өнгөрсөн цагт үйлчилж байсан зохицуулалтыг, харин процесс дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй одоо цагт мөрдөгдөж байгаа зохицуулалтыг тус тус хэрэглэнэ. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг процессын өмнөх, дараах журмыг сонгох, өөрчлөх шалгуур болгон хэрэглэж болохгүй.
Хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилснөөр хөөн хэлэлцэх хугацааны хэмжээ өөрчлөгдөөгүй ба харин тухайн этгээдийг яллагдагчаар татсанаар тоолохыг зогсоохоор хуульчилсан. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг энэ харилцаанд цаашид хэрэглэхгүй.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл өмнө тоолж байсныг яллагдагчаар татах хүртэл тоолохоор өөрчлөн тогтоосныг тодорхой тохиолдолд хэрэглэхдээ гэмт хэрэг, түүний гарсан цаг хугацааг бус Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсан байдал, тухайлбал, шүүгдэгчийг хөөн хэлэлцэх хугацаанд багтаан өмнө яллагдагчаар татсан эсэхийг шалгуур болгох нь материаллаг хуульд тусгагдсан процессын хэм хэмжээг эрх зүйн хэм хэмжээний тухай суурь онол, процессын хэм хэмжээний язгуур шинж чанарт нийцүүлэн оновчтой, зөв хэрэглэх үндэс бөгөөд оролцогчдын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга бөгөөд хууль ёсны дагуу явагдах баталгааг алдагдуулахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзнэ.
Олон улсын эрх зүйн эх сурвалж, түүн дотор эрүүгийн эрх зүйн олон улсын эх сурвалж дахь үзэл баримтлалуудыг баримжаа түвшинд багцалж ойлгох, хооронд нь хольж хутгах, нэг шинж чанарын дагуу үзэгдлийг нөгөөд нь хавтгайруулан хамаатуулах, тухайлбал, шүүгдэгчийн материаллаг эрхтэй холбоотой зохицуулалт болох хууль буцаан хэрэглэх зарчмыг процесст хөрвүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай зохицуулалтыг материаллаг шинж чанарт урвуулах байдлаар процесс "ухрах, буцах" тухай зохиомол үндэслэл бий болгож эрх зүйн бус ашиг сонирхлын үүднээс олон улсын эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах явдлыг сөргүүлж Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн холбогдох заалтуудыг Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцын 31, 32 дугаар зүйлд заасан зарчмуудад тулгуурлан тухайн олон улсын гэрээнүүдийн агуулга, зорилгод нийцүүлэн зөв, зохист агуулгаар нь тайлбарласан Улсын дээд шүүхийн энэхүү тайлбар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ." гэсний дагуу гарсан баримт бичиг гэж үзнэ.
Иргэдээс гаргасан мэдээлэлд дурдсанчлан "нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн тухайд хэргийн шийдвэрлэлтийн явцаас хамаарч ... харилцан адилгүй ялгамжтай шийдвэрлэх" нөхцөл байдал үүссэн тухайд, нэг цаг хугацаанд адил гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд хариуцлага хүлээх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, оногдуулах ял шийтгэл болоод хөөн хэлэлцэж эрүүгийн хариуцлагад татах хугацааны урт нь гэмт хэрэг үйлдэх үеийн зан үйл, бий болсон хор уршгаар тодорхойлогдох тул Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлснээр ямар нэгэн өөрчлөлт орохгүй, ялгаа гарахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх явцад оргон зайлах, шинээр гэмт хэрэг үйлдэх, дархан эрх, халдашгүй байдалтай болох зэрэг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээс хойших хожмын зан үйл болоод хэргийн нотлогдож буй байдлаас хамаарч бий болж буй тодорхой нөхцөл байдлуудын улмаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох горим өөрчлөгдөж байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ..." гэснийг зөрчиж буй хэрэг огт биш.
Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг шүүгдэгч хэдийд гэмт хэрэг үйлдсэнээс хамааруулан өөр, өөр журмаар хэрэгжүүлэх нь дээрх зарчмуудын эсрэг болно. Ялгаатай хуулиуд үйлчлэх үед гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувьд яллагдах хэргийн шинж, бүрэлдэхүүн, хүлээх ял шийтгэл нь өөр, өөр байх нь маргаангүй боловч тэдгээр нь нэг цаг хугацаанд хянан шийдвэрлэгдэж буй тохиолдолд хэдийд гэмт хэрэг үйлдсэнээс хамааруулан хөөн хэлэлцэх хугацааг адил хэргүүдэд ялгаатай байдлаар тоолж процессын эрх зүйн байдлыг өөрчлөн тогтоох нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан процессын шударга байдлын тухай зарчмуудыг илтэд зөрчиж буй явдал мөн.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрхэн нэг мөр ойлгож хэрэглэх талаарх албан ёсны тайлбар нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдааны 12 дугаар дүгнэлт, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдааны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон зохицуулалтыг сэргээх бус харин уг дүгнэлт, тогтоолоор баталгаажсан Үндсэн хууль суурьтай үзэл баримтлалуудыг шүүн таслах ажиллагаанд хэрэгжүүлэх арга замыг онолын үндэслэл, практик туршлагад тулгуурлан товч, хөндлөнгийн байр сууринаас тодорхойлсон, цаашид материаллаг хуульд тусгагдсан завсрын процесст хамаарах хэм хэмжээнүүдийг хэрэг, маргаанд хэрэглэхэд баримтлах зарчмыг тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх баталгааг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахын эсрэг хоригийг практикт хэрэгжүүлсэн эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг болсон гэж үзэж байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрхэн нэг мөр ойлгож хэрэглэх талаарх албан ёсны тайлбар нь Үндсэн хуулийг зөрчөөгүй болохыг тогтоож өгнө үү." гэжээ.
Тав. Дээрх маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх ажиллагааны хүрээнд шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан авсан тайлбар, баримт, лавлагаа, Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр, судалгаа, бусад эх сурвалж, баримт зэргийг судлан үзсэн болно.
text-align:center">ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг" хянан шийдвэрлэхээр өргөн хүрээнд тусгасан байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан нь зөвхөн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочсон "маргаантай асуудал"-аар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар хязгаарлагдахгүй, Үндсэн хуулийг зөрчсөн тухай бусад маргааныг мөн хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулийг чандлан сахиулна (Цэцийн магадлал, 2025, №28; 2026, №04; Цэцийн дүгнэлт, 2026, №01; №03).
БНМАУ-ын Ардын Их Хурал 1991 онд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад "Үндсэн хуулиас бусад хуулийн тайлбар гаргах эрх нь Дээд шүүхэд байгаа юм. Харин Дээд шүүхийн энэ тайлбар Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэг асуудал нь Цэцэд хамаарах ёстой юм." гэж тайлбарласан нь Үндсэн хууль тогтоогчдын хүсэл зоригийг тодорхой илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна (Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдааны протокол, 1991.12.16, №33, х. 670).
Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын дээд шүүх нь "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ." гэж заасан. Улсын дээд шүүхийн тайлбар нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд Улсын дээд шүүх хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхгүй. Харин Улсын дээд шүүх тайлбар гаргахдаа хууль тогтоох онцгой бүрэн эрхийг дур мэдэн хэрэгжүүлж, нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон, Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа бол Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд иргэний өргөдлөөр маргаан үүсгэн хянан шийдвэрлэнэ.
2.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарна. Хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх, нийгмийн харилцаанд оролцож байгаа этгээдийн эрх, үүргийг тодорхойлон, түүнийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх хүчин чадалтай байдгаараа онцлогтой.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "... Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг ... агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно." гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх практикт "дахин сэргээсэн" гэдгийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг Улсын Их Хурал дахин сэргээсэн утгаар хэрэглэж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг мэдэж байгаа хэдий ч түүнийг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн хууль батлахыг ойлгоно. Тодруулбал, "дахин сэргээнэ" гэдэг нь хууль тогтоогчийн хүсэл зоригтой шууд холбоотой юм.
3.Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 12 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 01 дүгээр тогтоолоор уг маргааныг эцэслэн шийдвэрлэж, маргаан бүхий хуулийг хүчингүй болгосон байна.
Дээрхээс үзэхэд, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт, 2021 оны 01 дүгээр тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дахин сэргээсэн гэж тооцоход адил заалтыг Улсын Их Хурлаас баталсан хуульд шууд, эсхүл агуулгаар нь дахин тусгасан тохиолдол хамаарахаар байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон хуулийг Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрээр дахин сэргээх боломжгүй тул Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг агуулгаар нь "дахин сэргээсэн" гэж үзэх үндэслэлгүй байна.
4.Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ." гэж заасан. Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтад Улсын дээд шүүх "шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах ..." бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж хуульчилсан. Хэдийгээр Улсын дээд шүүхийн тайлбар хүчингүй болсон хуулийн зохицуулалттай төстэй байж болох ч уг тайлбарыг заавал дагаж мөрдөх шинжгүй байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар" 11 дүгээр тогтоолыг бүх шатны шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ заавал дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй болох нь Үндсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдсон болно. Тухайлбал, Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгчөөс хуралдааны явцад гаргасан тайлбартаа "... Дээд шүүхийн тайлбар бол өөрөө шинээр эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй, мөн заавал нийтээр дагаж мөрддөг ийм хэм хэмжээний акт гэж үзэхгүй. Анхан шатны шүүх, жишээлбэл Улсын дээд шүүхийн тайлбар буруу байна, энийг өөрөөр тайлбарлана гэж тайлбарлах эрх нь байгаа. ..." гэжээ.
Үүнээс үзвэл, шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тайлбарыг удирдлага болгон шийдвэрлэх бус, харин Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд заасны дагуу гагцхүү хуульд захирагдаж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. Түүнчлэн иргэдийн ирүүлсэн мэдээлэл болон маргаанд холбогдох баримтын хүрээнд Улсын дээд шүүхийн тайлбарыг бусад шатны шүүх шууд үндэслэл болгон хэрэг хянан шийдвэрлэсэн нь тогтоогдохгүй байна.
5.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар ... хянан шийдвэрлэнэ." гэж заасан нь иргэн өөрийн Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахаар, мөн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах агуулгыг илэрхийлжээ. Харин иргэдийн гаргасан өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэц зөвхөн өөрийн санаачилгаар шийдвэрлэхээр байна (Цэцийн магадлал, 2025, №28; 2026, №04; Цэцийн дүгнэлт, 2026, №01; №03).
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочоогүй эрх зүйн акт (тухайлбал, хуулийг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбар, тодорхой хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр) Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх зөрчсөн тухай иргэний өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тохиолдолд уг маргааныг Дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэж, магадлал гаргах бөгөөд үндсэн эрхийг хамгаалахад шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Улсын дээд шүүхэд шилжүүлнэ (Цэцийн магадлал, 1997, №07; 2017, №11; 2025, №28; 2026, №04; Цэцийн дүгнэлт, 2026, №01).
Үндсэн хуулийн цэцээс үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тайлбар, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй, харин үндсэн эрхийг хамгаалах асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлж хянан шийдвэрлүүлэх тул Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт харшлахгүй (Цэцийн дүгнэлт, 2026, №01).
6.Улсын дээд шүүхийн уг албан ёсны тайлбар нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь зөрчсөн эсэхтэй холбоотой байх хэдий ч мэдээлэл гаргагч (өмгөөлөгч) нараас Үндсэн хуулийн цэцэд үйлчлүүлэгч нь өргөдөл гаргах зөвшөөрөл олгосон баримт гаргаж өгөөгүй, мөн холбогдсон хэргийнхээ талаар хувийн мэдээллийг энэ маргаанд холбогдуулан гаргаж өгөхөөс татгалзсан тул Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар" 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээгээгүй гэж үзсүгэй.
2.Энэхүү шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД Ж.ЭРДЭНЭБУЛГАН
text-align:center">Д.ГАНГАБААТАР
text-align:center">О.МӨНХСАЙХАН
text-align:center">Э.ЭНХТУЯА
text-align:center">Ц.ЦОЛМОН
Б.БОЛДБААТАР
Р.БАТРАГЧАА
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.