Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
Дугаар 03
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч З.Тамир болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нар оролцлоо.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Ц.Монгол Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:
"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:" гэж заан, дараагийн заалтуудаар сурталчилгааны материалын хэмжээ хязгаар, хориглох зүйлийг тогтоосон. Харин уг зүйлийн 41.9 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй." гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт "Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй." гэж хуульчилсан нь Улсын Их Хурлын гишүүнд давуу байдал олгож, тайлан гэх нэрээр сурталчилгаа хийх, давуу эрх эдлэх бүхий л боломжийг нээж өгсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг .... нийгмийн ... байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэж заасныг тус тус зөрчсөн, хуульд ийм заалт оруулснаараа Монгол Улсын Үндсэн хуулийн "эрх тэгш" байх зарчмыг зөрчиж байна. Энэ нь Улсын Их Хурлын гишүүн бус нэр дэвших сонирхол бүхий иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан "аливаа ялгаварлалд өртөхгүй байх" эрхийг зөрчиж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, уг эрхэнд шууд бус хэлбэрээр нөлөөлж байна гэж үзэхээр байна.
Ялгаварлан гадуурхалт гэдэг нь хүн бүрд адил тэгш хандахгүй байх үйлдлийг хэлдэг. Мөн ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнд эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлнэ. Үндэсний хууль тогтоомжоос гадна Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенц зэрэг олон тунхаглал, олон улсын конвенцод ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино гэж тодорхойлжээ. Гэтэл энэ хуульд Улсын Их Хурлын гишүүнийг гишүүнийх нь хувьд тайлан тавих нэрээр сонгуулийн сурталчилгаа хийх давуу эрхийг хуульчилж, далд, халхавчилсан сурталчилгаа хийх боломжийг хуулиар олгосон гэж үзэхээр байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоолгохоор мэдээлэл гаргаж байна." гэжээ.
Хоёр. Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:
"Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйл (Сурталчилгаатай холбогдсон хязгаарлалт)-ийн 13.1 дэх хэсэгт "Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно." гэж заасан. Энэхүү хуульд дурдсан "зар сурталчилгаа" гэдгийг Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад ""зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг;" ойлгоно гэж тайлбарлаж болохоор байна. Үүнээс гадна, дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 13.1-д заасан хязгаарлалт нь Улсын Их Хурлын гишүүний болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцоход хамаарахгүй." гэж зааснаас үзвэл үндэсний хууль тогтоомжид ашиг олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаанд чиглэгдсэн зар сурталчилгаа болон ашгийн бус зорилготой сурталчилгааны талаар тодорхойлж, эдгээрийн агуулгыг ийнхүү "арилжааны болон арилжааны бус" гэх ерөнхий шинжээр ялгамжтай байдлаар зохицуулсан байна. Энэ нь нэг талаас Монгол Улсын Их Хурлын гишүүн ээлжит сонгуульд дэвшихээр болсон тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд тайлагнах нь тухайн нэр дэвшигчийн хувьд арилжааны бус зорилготой сурталчилгаанд, нэн ялангуяа сонгуулийн сурталчилгааны албан бус хэлбэрт хамаарах боломжтой юм. Нөгөө талаас сонгуульд нэр дэвшигчдийн хувьд гарааны ижил бус ялгамжтай байдлыг бий болгон иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь хэнийг ч ялгаварлаж үл болох тухай Үндсэн хуулийн суурь зарчмуудыг алдагдуулахын зэрэгцээ иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь анхнаасаа шударга бус (тэгш бус) байх хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн "Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй." гэсний "... үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү." гэсэн байна.
Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбар, нэмэлтдээ:
"1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар,
Парламентат ёсны хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой гурван чиг үүрэг байдаг нь "хууль тогтоох" - "төлөөлөх" - "хянан шалгах" чиг үүрэг бөгөөд манай улсын хувьд ч онолын энэхүү үзэл баримтлалыг Үндсэн хуульдаа тусгасан. Сонгох эрх нь хэн нэг этгээдэд өөрийгөө төлөөлөн эрх мэдэл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх боломж буюу өөрийгөө төлөөлөн хууль тогтоох эрхийг шилжүүлэн өгч буй хэрэг мөн. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах ёстой. Иймээс үйл ажиллагаандаа хувийн ашиг сонирхол биш нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж байгаа эсэхээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмын дагуу иргэдэд тайлагнах нь Улсын Их Хурлын гишүүний эрх гэхээсээ илүү Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүрэг юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэж заасан. Иргэн төлөөлөгчөөрөө дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцоно гэдэг нь нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хэрэгжүүлэх, хамгаалах эрхээ итгэмжлэгдсэн этгээдэд шилжүүлж, түүгээр дамжуулж оролцох эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр юм. Энэ эрхийн хэрэгжилт өөрийн санал, санаачилгыг өөрийн сонгосон төлөөлөгчид уламжлах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, иргэд сонгуульд санал өгснөөр тэдний оролцоо дуусгавар болохгүй бөгөөд тэд өөрсдийг нь төлөөлөх үүрэг бүхий төлөөллийн байгууллага, төлөөлөгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх зэрэг олон хэлбэрийг ашиглах боломжтой юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.26 дахь заалтад "сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх." бүрэн эрхтэй гэж заажээ. Улсын Их Хурлын гишүүн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал байгуулагдаж, шинэ сонгогдсон гишүүд тангаргаа өргөтөл өөрийн Үндсэн хуулиар заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд "төлөөлөх" бүрэн эрхээ буюу төлөөлөгч сонгогчдынхоо өмнө өөрсдийн үйлдлийн талаар байнгын яриа хэлэлцээгээр дамжуулан "тайлагнах" замаар хэрэгжүүлэх нь ардчиллын чухал шинж байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын сонгуулийн албан ёсны нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн сонгуульд дахин нэр дэвших магадлалтай этгээд болохынхоо хувьд "төлөөлөх" бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх нь хариуцлага тайлагналын тухай ойлголт, тухайн гишүүнийг төлөөлүүлэхээр сонгосон сонгогчийн эрхийг хөндсөн зохицуулалт болох юм.
Хариуцлага, тайлагнал нь тухайн үйл явдлын дараа зориуд анхаарсан, системтэй байдлаар "тайлан тавих", түүнийг олон нийт юу гэж үзэж байгаагаа илэрхийлэх боломж олгох гэсэн утга агуулдаг. Сонгогч парламентын хэлэлцсэн гол асуудлаар тухайн төлөөлөгч ямар санал өгснийг мэдэх, ямар арга хэмжээ авсныг асууж лавлах сонирхол нь нэмэгдсээр байгаа, гишүүдийн хувьд саналаа яаж өгснөө нийтлүүлж, яагаад тийм санал өгснөө үндэслэлтэй тайлбарладаг байх нь улс төрийн хариуцлага тайлагналын мөн чанар юм.
Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахдаа үйлдэл, үйл ажиллагааны хувьд хуульд заасан хязгаарлалтыг нэгэн адил мөрдөх зохицуулалттай бөгөөд Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа тараах, танилцуулах зорилгоор уулзалт хийж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа аливаа хүн зөвхөн нийтлэг эрх ашиг, нийтийн ашиг тус, нийтийн сайн сайхны төлөө л тавьсан хууль ёсны хязгаарлалтаас бусад нөхцөлд хүний үндсэн эрх, эрх чөлөө нийтлэг, эрх зүйт хуулиар ижил тэгш хамгаалагдсан, тэрхүү хуулийг нь төв голч, шударга хууль сахиулагч хэрэгжүүлдэг, хараат бус шүүхийн нэгдмэл тогтолцоогоор хамгаалдаг болсон байхыг ойлгоно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор зарим үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглохоор зохицуулсан бөгөөд энэ нь Улсын Их Хурлын гишүүний хувьд хийсэн ажлын тайлангаа тараах болон сонгогчидтой уулзалт хийхэд нэгэн адил үйлчлэхээр зохицуулсан байна. Дээр дурдсан үйлдэл, үйл ажиллагааг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт "улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг" зөрчилд хамруулан холбогдох хариуцлага оногдуулахаар заасан.
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн41.9 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн эсэх талаар,
Ардчилсан нийгмийн гол шинж нь чөлөөт, шударга сонгууль бөгөөд нийгмийн шударга ёсыг эрхэмлэн дээдлэгч ард түмэн өөртөө үйлчлүүлэх, эрх чөлөө, эд хөрөнгөө хамгаалуулах сонирхлын үүднээс төрийг эмхэтгэн байгуулагдахыг дэмжин зөвшөөрдөг бөгөөд түүнийг эрх зүй, хууль тогтоомжоор зохицуулж ирсэн. Сонгууль бол улс төрийн үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үндсэн зорилго нь төр засгийн эрх барих байгууллага, тодорхой эрх мэдлийн албан тушаалтныг иргэдийн оролцоотойгоор санал хураалтаар шалгаруулан томилоход оршдог нэг талаас улс төрийн үзэгдэл, нөгөө талаас иргэдийн улс төрийн үндсэн эрхийг хангахад чиглэгддэг хууль зүйн шинжтэй ойлголт юм. Монгол Улс нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хууль, эрх зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуулиараа баталгаажуулсан.
Сонгох эрх нь төрийн аливаа хэргийг шүүмжлэх, эсэргүүцэх, шийдвэр гаргахад оролцох, иргэний санал бодлыг зайлшгүй сонсох нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд хэрэв мэдээлэлгүй бол иргэн энэ эрхээ бодитойгоор эдэлж чадахгүйд хүрнэ.
Энэ утгаараа Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахдаа үйлдэл, үйл ажиллагааны хувьд дээр дурдсан хязгаарлалтыг нэгэн адил мөрдөх зохицуулалттай бөгөөд Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа тараах, танилцуулах зорилгоор уулзалт хийж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;" гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, харин ч шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг баталгаажуулсан зохицуулалт гэж үзэж байна.
3.Мэдээлэл гаргагч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно." гэж заасан зохицуулалтын "зар сурталчилгаа" гэдгийг Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг ойлгохоор тайлбарласан байна. Ингэхдээ уг "зар сурталчилгааг" арилжааны бус гэх ерөнхий шинжээр ялгамжтай байдлаар зохицуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд тайлагнах нь тухайн нэр дэвшигчийн хувьд арилжааны бус зорилготой сурталчилгаанд, нэн ялангуяа сонгуулийн сурталчилгааны албан бус хэлбэрт хамаарах боломжтой гэж үзжээ.
Сонгуулийн сурталчилгаа гэдэг нь сонгуулийн өмнөх хугацаанд сонгогчдын дэмжлэгийг авахын тулд нэр дэвшигчид болон улс төрийн намуудын өрсөлдөөний хүчин чармайлтыг ойлгодог. Нэр дэвшигчид сонгогчдод хүрэхийн тулд олон нийтийн өмнө гарах, цуглаан хийхээс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг олон арга техникийг ашигладаг бөгөөд сурталчилгааг ихэвчлэн сонгуулийн хуанлид заасан хугацаанд хийдэг бөгөөд энэ хугацаанд нэр дэвшигчид сурталчилгааны зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсвэл олон нийтийн санд хандах хэлбэрээр онцгой үйлчилгээ үзүүлдэг.
Сурталчилгааны үеэр нэр дэвшигчид өөрсдийн мессежийг хүргэж, сонгогчдыг өөрсдийнхөө эсвэл намынхаа төлөө саналаа өгөхийг уриалдаг. Сонгуулийн эрх чөлөө, шударга байдалд нөлөөлөх хэд хэдэн сурталчилгааны асуудал бий. Үүнд сонгуулийн сурталчилгааны цаг хугацаа, сонгуулийн сурталчилгааг чөлөөтэй явуулах боломж, сонгуулийн сурталчилгааны явцад сонгуулийн байгууллагын ажилтнууд төвийг сахисан байх, оролцогчдын аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүртээмж зэрэг багтана. Сонгуулийн сурталчилгаа нь иргэдийн сонгох, сонгогдох улс төрийн эрхтэй холбоотой асуудал учраас тусгайлан сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулж, сурталчилгаатай холбоотой харилцаанд ямар субьект оролцох, ямар эрх үүрэгтэй байх, ямар хориглолт, хязгаарлалттай байх, хариуцлагын тусгайлсан хэм хэмжээтэй байх зэргийг нарийвчлан зохицуулдаг. Энэ шинжээрээ бусад хэрэглэгчийн анхаарлыг татах "зар сурталчилгаа"-ны төрлүүдээс ялгаатай байдаг. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 13.1-д заасан хязгаарлалт нь Улсын Их Хурлын гишүүний болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцоход хамаарахгүй." гэж заасан нь сонгуулийн зар сурталчилгаанаас бусад аливаа төрлийн зар сурталчилгаанд Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүнд тавигдах хязгаарлалтыг илэрхийлсэн байна. Зар сурталчилгааны тухай хуульд заасан зар сурталчилгааны асуудал нь зохицуулах харилцаа, үйлчлэх хүрээгээрээ сонгуулийн сурталчилгаанаас ялгаатай бөгөөд Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахыг зар сурталчилгаанд хамааруулан үзэх боломжгүй юм.
Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй гэж үзэн энэхүү тайлбарыг хүргүүлж байна." гэжээ.
Дөрөв. Мэдээллийг урьдчилан шалгах болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.05.31, №1/427; "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.02.11, №1/75;
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, "Мэдээлэл, баримт хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.09.04, №3/831;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, "Баримт бичгийн хуулбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.05.29, №ТГ-02/906;
Цагдаагийн ерөнхий газар, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.09.03, №01/675; 2025.02.10, №02/41;
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.09.17, №01/1474;
Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архив, Хариу албан бичиг, 2025.01.22, №48;
Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Хүний эрхийн хороо, "Ерөнхий тайлбар: Төрийн үйл хэрэгт оролцох эрх, сонгуулийн эрх, төрийн алба хаших тэгш хүртээмжтэй байх эрх," 1996, №25, CCPR/C/GC/25;
Олон улсын парламентын холбоо, "Парламент болон иргэд хооронд нягт холбоог хөгжүүлэх замаар ардчиллыг бататган бэхжүүлэх тухай," Олон улсын парламентын 98 дугаар бага хурлын тогтоол, 1997.09.15;
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (цаашид "АСДҮОУХ" гэх), Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн Мэргэжлийн дүгнэлт, 2024.11.01;
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газар (цаашид "ЕАБХАБ/АИХЭГ" гэх), "Монгол Улс: Улсын Их Хурлын сонгууль, 2016.06.29" тайлан; "Монгол Улс: Улсын Их Хурлын сонгууль, 2020.06.24" тайлан; "Монгол Улс: Улсын Их Хурлын сонгууль, 2024.06.28" эцсийн тайлан;
Ерөнхий тойм: Монгол Улсын Их Хурлын сонгууль 2024.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж заасныг цогцоор нь авч үзвэл иргэн бүр сонгуульд оролцох (сонгох, сонгогдох) тэгш боломжоор хангагдахаар байх бөгөөд үүнийг Үндсэн хуулиар хамгаалсан болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (цаашид "Үндсэн хуулийн цэц" гэх)-ийн шийдвэрт удаа дараа тэмдэглэж байжээ (Цэцийн дүгнэлт 2007, №02; 2012, №02; 2019, №02; 2020, №11; 2024, №01; Цэцийн тогтоол 2007, №02; 2012, №03; 2022, №01). Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтэд "Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа явуулах, мөрийн хөтөлбөрөө сонгогчид тайлбарлан таниулах нь хуулиар тогтоосон тодорхой хугацаанд явагддаг үйл ажиллагаа учир уг хугацаанд нэр дэвшигчдийг тэгш, шударгаар өрсөлдөх боломжоор хангаж, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан эрх зүйн хамгаалалтыг бий болгох шаардлага үүсдэг бөгөөд энэхүү баталгааг сонгуулийн тухай хуулиар тогтоодог нь олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн байна." гэжээ.
Сонгуульд оролцох тэгш боломж нь сонгуулийн өрсөлдөөний нөхцөл оролцогч бүрд шударгаар үйлчлэх, улмаар сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх урьдач нөхцөл болно. Учир нь сонгуульд оролцох аль нэг талд бусдаас давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр олгох нь сонгуульд шударгаар өрсөлдөх нөхцөлийг алдагдуулна. Иймээс сонгуульд оролцох тэгш боломжийг бүрдүүлж, холбогдох баталгааг хангах нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн үүрэг болно. Түүнчлэн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө нь ардчилсан сонгууль явуулах үндэс болдог тул эдгээр эрх чөлөөг иргэн бүрд баталгаатай эдлүүлж, холбогдох хязгаарлалт нь тэгш үйлчилнэ.
Иргэн сонгуулийн жил эхэлснээс хойших хугацаанд сонгогдох эрхээ илүү идэвхтэй эдлэх магадлалтай тул энэ хугацаанд уг эрхээ эдлэх тэгш боломжоор хангагдах учиртай. Энэ хүрээнд сонгуульд нэр дэвших сонирхолтой иргэн, нэр дэвшигч, улс төрийн нам нь үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод чөлөөтэй түгээх, өөрийгөө таниулах тэгш боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно." гэж сонгуулийн сурталчилгааны хугацааг нийтлэг үйлчлэхээр заасан. Ийнхүү зөвшөөрснөөс бусад хугацаанд сурталчилгаа явуулахыг хориглох нь мөрийн хөтөлбөрөө танилцуулах, сонгогчидтой харилцах болон бусад үйл ажиллагаа явуулах тэгш боломжийг бүх нэр дэвшигч, намд олгох, сурталчилгааг хэт удаан үргэлжлүүлэх замаар зүй бус давуу байдал олж авахаас сэргийлэх, сонгуулийн зардлыг бууруулах, сонгогчдод нэр дэвшигчийн талаар мэдээлэл өгөх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн сурталчилгааны үйл явцыг илүү тодорхой, олон нийтийн хяналттай болгоход чиглэдэг (АСДҮОУХ, 2024, х. 3-4).
Тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй." гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт "Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй." гэж заасан нь сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн сурталчилгааны хугацаанаас өмнө Улсын Их Хурлын гишүүнд ажлын тайлангаа тараах, уулзалт хийх давуу байдлыг олгож, бусад иргэнд хориглосон агуулгыг илэрхийлж байх тул сонгуульд оролцох тэгш боломжийг хязгаарласан шинжтэй байна.
Үндсэн эрхэд тавих аливаа хязгаарлалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зарчимд нийцэх шаардлагатай. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь эдгээр зарчимд нийцсэн эсэхээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчиж сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсан эсэх нь тодорхойлогдоно.
Нэг. Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим төдийгүй эрх зүйт төрийг өргөн агуулгаар хамгаалдаг. Тухайлбал, хууль дээдлэх зарчмын дагуу үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Өөрөөр хэлбэл, үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах бөгөөд уг хязгаарлалт нь хоёрдмол утгагүй, тодорхой, үр дагаврыг урьдчилан таамаглаж, мэдсэнээр зан үйлээ нийцүүлэх боломжтой байдлаар хуульчилбал зохино (Цэцийн дүгнэлт, 2002, №02; 2020, №12; 2021, №02; Цэцийн тогтоол, 2002, №02). Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:
1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг нь хуулиар зохицуулах шаардлагыг хэлбэрийн хувьд хангаж байгаа боловч эрх зүйн тодорхой байдалд нийцэхгүй байна. Тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт "Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:" гээд 39.2.1 дэх заалтад "сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;" гэж зохицуулжээ. Энэ заалтын дагуу хийсэн ажлын тайлангаа сонгогчдод тараах нь сонгуулийн сурталчилгааны материал тараахад хамаарахаар байх боловч Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ийм тайлан сонгогчдод тараах нь тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн дагуу сонгуулийн сурталчилгааны материал тараасанд тооцогдохооргүй байна. Хийсэн ажлын тайлан нь сонгуулийн сурталчилгааны материалаас ямар ялгаатай нь хуулийн зохицуулалтаас ойлгомжгүй байгаагаас Улсын Их Хурлын гишүүн тайлан тараах нэрээр сонгуулийн сурталчилгаа хийх боломжийг бүрдүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлнэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана." гэж нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хугацааг заажээ. Гэтэл нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнөх хугацаанд Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй байх атал энэхүү хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа" тарааж болохоор зохицуулжээ. Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихгүй тохиолдолд ийнхүү тайлангаа тараах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн "нэр дэвшихээр бол" ажлын тайлан тараах нөхцөлийг тусгаснаас үзвэл тухайн тайлан нь сонгуульд нэр дэвшихэд зориулагдсан гэх утгыг илэрхийлж байх тул агуулгаараа сонгуулийн сурталчилгаанд огт хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааг тус хуульд тодорхойлоогүй боловч үүнийг санал хураалтаас өмнөх хугацаанд сонгогчдын дэмжлэгийг авахад чиглэсэн нэр дэвшигч болон намын өрсөлдөөнт үйл ажиллагааг ойлгохоор байна. Нэр дэвшигч эсхүл нам өөрийн үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг сурталчлах, өөрийгөө таниулах замаар сонгогчдын дэмжлэгийг авахын төлөө сонгуулийн сурталчилгаа явуулдаг. Иймд Улсын Их Хурлын гишүүний тараах тайлан нь хийсэн ажлаараа сонгогчдод өөрийгөө таниулах, улмаар сурталчлах боломж олгож байгаа тул сонгуулийн сурталчилгааны шинжийг агуулж болох юм.
Улсын Их Хурлын гишүүний хийсэн ажлын тайланг сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл тарааж болохоор заасан ч энэ тайланд ямар шаардлага тавих, ямар мэдээлэл тусгаж болох эсхүл болохгүй, сонгуулийн сурталчилгааны агуулга оруулж болох эсэх, түүнд хэн яаж хяналт тавих нь тодорхой хуульчлагдаагүй байна. Урьд нь төстэй асуудлыг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 32 дугаар тогтоолд "тайлангийн хэвлэмэл материалд сонгуулийн сурталчилгааны агуулга бүхий мэдээлэл оруулсан эсэхэд холбогдох этгээд хяналт тавихтай холбоотой асуудал хийдэлтэй байхаас гадна энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг нэмж хуульчлах шаардлага буйг үгүйсгэхгүй" гэж тэмдэглэжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн дагуу Улсын Их Хурлын гишүүний хийсэн ажлын тайланг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй гэж хуульчилсан тул сурталчилгааны материалд тавигдах шаардлагыг хангахгүй байхыг зөвшөөрсөн байна. Тухайлбал, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:" гээд 41.1.1 дэх заалтад "хоёр хэвлэлийн хуудас сонин;", 41.1.2 дахь заалтад "хоёр хэвлэлийн хуудас сэтгүүл;", 41.1.3 дахь заалтад "нэг хэвлэлийн хуудас ухуулах буюу зурагт хуудас." гэж заажээ. Гэтэл Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо (цаашид "Сонгуулийн ерөнхий хороо" гэх)-ны ирүүлсэн тайлбар (2024.05.31, №1/427)-т "Улсын Их Хурлын гишүүний хийсэн ажлын тайлангийн хэвлэлийн хэмжээнд тусгайлсан хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд энэхүү тайланг сурталчилгааны материалд тооцохгүй гэж хуульчилсан." гэжээ. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос 2015 оны Сонгуулийн тухай хуулийн ажлын тайлан тараах тухай төстэй заалттай холбогдуулан "Улсын Их Хурлын гишүүн нь зөвхөн хийсэн ажлынхаа тайланг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тарааж болно. Харин сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш тараах ажлын тайлан нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.5-д заасан гурван хэвлэлийн хуудас сурталчилгааны материалын хэмжээнд багтсан байвал зохино." гэх агуулга бүхий лавлагааг тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн, улс төрийн намд хүсэлтийнх нь дагуу хүргүүлж байжээ (2016.02.17, №40; 2016.05.24, №221; 2016.05.26, №232; 2016.09.29, №606). Эдгээр тайлбараас Улсын Их Хурлын гишүүний хийсэн ажлын тайлан нь сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл тараагдах ч тус хуульд заасан сонгуулийн сурталчилгааны материалд тавигдах шаардлагыг хангахгүй байж болох бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлмэгц нэр дэвшигч болохын хувьд хуулийн шаардлага үйлчилж эхлэх агуулгатай гэж ойлгогдож байна
Улсын Их Хурлын гишүүн бус иргэн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө өөрийн хийсэн ажлын тайлангаа тараах нь сонгогчдын санал татах зорилгоор эд зүйл тараасанд эсхүл зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэнд тооцогдохоор байх боловч Улсын Их Хурлын гишүүн ийнхүү тайлан тараахыг уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгээр зөвшөөрсөн байна. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:" гээд мөн хэсгийн 48.1.1 дэх заалтад "мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;" гэх зэргийг хоригложээ. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тайлбар (2024.05.31, №1/427)-т "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдод хийсэн ажлын тайлан тараах нь Үндсэн хуульд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын гишүүнд хамаарах зохицуулалт бөгөөд гишүүн биш иргэн тайлан тараах нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-т заасан сонгогчдын санал татах зорилгоор эд зүйл тараасан зөрчилд хамаарах боломжтой юм." гэжээ. Түүнчлэн тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт "Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:" гээд тус хэсгийн 48.5.1 дэх заалтад "энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;", 48.5.2 дахь заалтад "зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;"-ийг тус тус хориглосон байна. Өмнө тайлбарласны дагуу ажлын тайлан нь сонгуулийн сурталчилгааны материалаас ямар ялгаатай нь тодорхойгүй тул Улсын Их Хурлын гишүүн бус иргэн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ажлын тайлангаа тараах нь агуулгын хувьд тус зүйлийн 48.5.2 дахь заалтын "зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх" зөрчилд хамаарах боломжтой байна.
Дээр дурдсан зөрчил нь нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлсний дараа санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үр дагавартай байна. Учир нь тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7 дахь заалтад "энэ хуулийн 48.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон;" бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэж, түүнчлэн мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт "Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ." гэж заасан. Үүнийг Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тайлбар (2024.05.31, №1/427)-т "... мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш сонгогчдын санал татах зорилгоор явуулахыг хориглосон бусад үйлдэл, үйл ажиллагаа гаргахыг хориглоно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон энэхүү үйлдэл, үйл ажиллагааг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16-д зөрчилд тооцохоор хуульчилсан. Энэхүү зөрчил нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7, 75 дугаар зүйлд зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болох бөгөөд уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д зааснаар цагдаагийн байгууллага шалгаж шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байна." гэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт "Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор:" гээд 16.1 дэх заалтад "бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн;" бол гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтын дийлэнх хориглолтыг тусгасан ч тус заалт дахь "эд зүйл тараах" зөрчил тусгагдаагүй байна. Иймээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн бус иргэн хийсэн ажлын тайлангаа тараах нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил биш, харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтад заасан сонгогчдын санал татах зорилгоор эд зүйл тараах зөрчилд хамаарахаар байна. Гэвч энэ зөрчлийг хянан шийдвэрлэх журам, эрх бүхий этгээд нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын гишүүн бус, нэр дэвших сонирхол бүхий иргэн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа тараахыг илт зөвшөөрсөн заалт байхгүй байна. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны дээрх тайлбар (2024.05.31, №1/427)-аас гадна тус хороонд ирсэн өргөдөл, гомдлын агуулга, түүний шийдвэрлэлтийн байдлаас үзэхэд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгээр Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тайлан тарааж болох боловч Улсын Их Хурлын гишүүн бус иргэнд ийм тайлан тараахыг хориглосон гэж ойлгогдохоор байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн жилд сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад сонгогчид тайлан тараах нэрийдлээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжийг бүрдүүлж байна гэх агуулгатай гурван өргөдөл, гомдлыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Тухайлбал, иргэн Г.Э-ээс "... сурталчилгааны хугацаа болоогүй байхад тараах материал сэтгүүл тараагаад байгаа өмнө нь УИХГ байсан ба одоо дахин нэр дэвшиж байгаа хүмүүст хариуцлага тооцно уу. Өмнө хийсэн ажлаа тайлагнамаар байдаг бол сонгуулийн жилийн өмнөх жил нь тайлагнах хэрэгтэй." гэх гомдлыг баримтын хамт хүргүүлжээ. Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газраас уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг дурдаж, Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө хийсэн ажлын тайлангаа тарааж болно гэх хариу (2024.05.24, №3/383)-г гомдол гаргагчид хүргүүлсэн байна. Хоёр гомдол (2024.05.17; 2024.05.27)-д Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн хэвлэмэл материал буюу тайлан тараасан гэх зэрэг агуулга тусгасан байна. Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газраас тэдгээрийг Цагдаагийн ерөнхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх албанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтыг үндэслэн шилжүүлсэн байх (2024.05.22, №3/380; 2024.05.29, №3/408) бөгөөд нэг гомдлыг нь "зөрчлийн шинжгүй үндэслэлээр" хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна (2024.06.07, ЗХБ-39).
1.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь хуулиар зохицуулах шаардлагыг хэлбэрийн хувьд хангаж байх боловч эрх зүйн тодорхой байдалд нийцэхгүй байна. Тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт "Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:" гээд 39.2.4 дэх заалтад "сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;" гэжээ. Үүнээс үзвэл сонгогчидтой уулзалт хийх нь сонгуулийн сурталчилгааны арга, хэлбэрт багтах боловч тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгээр Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийх уулзалтыг сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар зохицуулсан байна. Иймээс Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой уулзалт хийхийг илт зөвшөөрсөн байх боловч ийм уулзалт хийхийг Улсын Их Хурлын гишүүн бус иргэнд зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна.
Мөн хуулийн 48 дугаар зүйлд хууль бус сурталчилгааг хориглож, сонгогчдын саналыг татах зорилгоор явуулахыг хориглосон үйлдэл, үйл ажиллагааг жагсаажээ. Ийнхүү жагсаасан хориглолтод (мөн Зөрчлийн тухай хуульд) нэр дэвших сонирхолтой иргэн өөрийн хийсэн ажлын тайлангаа сонгогчдод танилцуулах зорилгоор уулзалт хийхийг илт хориглосон агуулга тусгагдаагүй байна. Гэвч тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт заасан шиг сонгогчидтой уулзалт хийхийг зөвшөөрсөн баталгаа Улсын Их Хурлын гишүүн бус иргэнд байхгүй учраас нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт нь тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1 дэх заалтад "энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;" эсхүл мөн зүйлийн 48.5.2 дахь заалтад "зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;" үйлдэлд тооцогдох, улмаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эсхүл нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох эрсдэлийг бий болгосон байна.
Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийн "Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн ... энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй." гэдэгт юуг хамааруулан үзэх нь тодорхойгүй байна. Энэ заалт "хуулиар хориглоогүй бол иргэнд зөвшөөрөх" зарчмыг хуульчлах зорилготой бол яагаад гагцхүү Улсын Их Хурлын гишүүнд зориулан тусгайлан заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн жилд Улсын Их Хурлын гишүүн болон бусад этгээд сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад сонгогчидтой уулзалт эсхүл бусад арга хэмжээ зохион байгуулж сурталчилгаа хийсэн гэх агуулгаар өргөдөл, гомдол Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг эрх бүхий этгээдэд шилжүүлж, холбогдох хариуг өгчээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн биш ч Улсын Их Хурлын сонгуульд "нэр дэвшихээр горилж буй" гэх хоёр хүн "иргэдийн саналыг татах зорилгоор уулзалт зохион байгуулсан" гэх өргөдөл, гомдол (2024.05.17)-ыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газраас Цагдаагийн ерөнхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх албанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтыг үндэслэн шилжүүлжээ (2024.05.22, №3/380). Энэ хоёр хүний нэг нь Засаг дарга байсан бөгөөд түүнд холбогдох гомдол, мэдээллийг шалгасан цагдаагийн албан хаагч нь тухайн Засаг дарга иргэдтэй уулзсаныг тогтоосон ч "энэ үйлдэл нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул" тухайн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна (2024.06.07, ЗХБ-39).
Хоёр. Тохирсон байх зарчмыг хангасан эсэх
Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; Цэцийн тогтоол, 2024, №02; №03). Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь сонгуульд оролцох тэгш боломжийг хязгаарласан байх тул эдгээр шалгуурыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:
2.1.Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байна (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Үндсэн хуулийн Оршилд Монголын ард түмэн бид "... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. ..." гэж, Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан. Иймээс ард түмний бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэж тусгасан бөгөөд энэ зарчим нь төрийн бүх эрх мэдлийг ард түмнээс эхтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, ардчилсан улсад төрийн эрх мэдлийн аливаа акт ард түмнээс үүдэлтэй байх бөгөөд иргэд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд зохих ёсоор нөлөөлөх боломжоор хангагдах эрхтэй байна.
Ард түмний бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж иргэний үндсэн эрхийн талаас нь бэхжүүлсэн бол сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлаар уламжлан буюу төлөөллийн ардчиллаар хэрэгжүүлэх агуулгыг Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин нэгдүгээр зүйлд тусгасан. Улмаар Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэж эрх зүйн байдлыг нь тогтоосон.
Ардчилсан сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурал нь иргэдийг төлөөлж, хууль батлах, хуулийн биелэлтийг хянан шалгах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг тул эдгээр бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлсэн тухай мэдээллээр иргэдийг хангах, ил тод байх шаардлагатай. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчидтой нягт холбоо, эгэх хариуцлагатай байх зохицуулалтыг хуульчлах боломжтой. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт ажлын тайлангаа тараах, сонгогчидтой уулзалт хийхийг зөвшөөрсөн нь Улсын Их Хурлын гишүүн сонгогчидтой нягт холбоо, эгэх хариуцлагатай байх гэсэн хууль ёсны зорилготой гэж үзэхээр байна.
Олон улсын парламентын холбооны 98 дугаар бага хурлын тогтоол (1997.09.15)-д парламент болон иргэдийн хооронд нягт холбоог хөгжүүлэх замаар ардчиллыг бататган бэхжүүлэх шаардлагыг онцолсон. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүний сонгогчидтойгоо уулзалт, хэлэлцүүлэг хийхийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрч, сонгогчдыг төрийн үйл хэрэгт татан оролцуулах явдлыг дэмжих замаар энэ шаардлагыг хангана гэж үзэх боломжтой. Гэвч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүн өөрсдийн "хийсэн ажлын тайлангаа" "тараах", энэ тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой "уулзалт" хийх гэсэн зөвхөн нэг талын ажиллагааг тусгасан нь Олон улсын парламентын холбооны зөвлөсөн "уулзалт, хэлэлцүүлэг"-ээс ялгаатай байна.
Улсын Их Хурлын гишүүн иргэдээс сонгогдож төлөөлж байгаа тул бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаараа тайлагнах нь зүйтэй хэмээн хууль тогтоогч үзэж ажлын тайлан тарааж болохоор зохицуулсан байна. Тодруулбал, ийм агуулгатай заалтыг анх хуульчлах үед буюу 2011 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны тэмдэглэл (2011.11.29, х. 13)-д "Улсын Их Хурлын гишүүн бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэдэг бол олон түмнээсээ сонгогдсон иргэдийн төлөөлөл байдаг. Тэгэхээр иргэдийнхээ мандатыг хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд хийж байгаа учраас энэ заалт орж байгаа юм байна." гэж тайлбарласан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар (2024.09.10, №УИХ-03/2829)-таа "Улсын Их Хурлын гишүүн сонгуулийн үр дүнд ... Улсын Их Хурал байгуулагдаж, шинэ сонгогдсон гишүүд тангаргаа өргөтөл Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд "төлөөлөх" бүрэн эрхээ буюу төлөөлөгч сонгогчдынхоо өмнө өөрсдийн үйлдлийн талаар байнгын яриа хэлэлцээгээр дамжуулан "тайлагнах" замаар хэрэгжүүлэх нь ардчиллын чухал шинж байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын сонгуулийн албан ёсны нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Хурлын гишүүн сонгуульд дахин нэр дэвших магадлалтай этгээд болохынхоо хувьд "төлөөлөх" бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх нь хариуцлага тайлагналын тухай ойлголт, тухайн гишүүнийг төлөөлүүлэхээр сонгосон сонгогчийн эрхийг хөндсөн зохицуулалт болох юм." гэсэн байна.
2.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгыг хэрэгжүүлэхэд үйлчлэх буюу чиглэсэн байхыг уялдаатай байх шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгээр хийсэн ажлын тайлангаа тараах, сонгогчидтой уулзалт хийхийг Улсын Их Хурлын гишүүнд илт зөвшөөрсөн нь сонгогчидтой нягт холбоо, эгэх хариуцлагатай байх зорилгыг хангахад үйлчилж байх тул тус шалгуур хангагдаж байна.
2.3.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байна. Тус зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг нь сонгохыг энэ зарчим шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийн дагуу Улсын Их Хурлын гишүүнд тайлан тараах, сонгогчидтой уулзалт хийхийг зөвшөөрсөн нь сонгогчидтой нягт холбоо, эгэх хариуцлагатай байхад чиглэж байх боловч энэ зорилгод хүрэхэд зайлшгүй байх шалгуурыг хангахгүй байна.
Дагнасан судалгаанаас үзэхэд сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл парламентын гишүүн хийсэн ажлын тайлангаа тараах, уул тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой уулзалт хийх асуудлыг зохицуулах гурван загвар байх боломжтой байна. Эхнийх нь ийнхүү тайлан тараах, уулзалт хийхийг парламентын гишүүнд зөвшөөрөх, харин бусад иргэнд хориглох агуулгатай Монгол Улсын одоогийн загвар. Хоёр дахь нь хийсэн ажлын тайлангаа тараах, уул тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой уулзалт хийхийг парламентын гишүүн болон бусад иргэний аль алинд нь сонгуулийн жилд зөвшөөрөх ч үүнийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс тодорхой хугацааны өмнө хориглох загвар. Гурав дахь нь ийм тайлан тараах, уулзалт хийхийг парламентын гишүүн болон бусад иргэний аль алинд нь нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд адилхан зөвшөөрөх загвар. Эдгээр гурван загвараас эхний буюу одоогийн загвар (Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг) нь ажлын тайлан тараах, түүнийгээ танилцуулах зорилгоор уулзалт хийх давуу байдлыг зөвхөн Улсын Их Хурлын гишүүнд олгосон учраас сонгуульд оролцох тэгш боломжийг хамгийн бага хязгаарласан арга хэмжээ биш байх тул зайлшгүй гэж үзэхгүй.
Зөвхөн Улсын Их Хурлын гишүүнд давуу байдал олгохгүйгээр хууль ёсны зорилгыг хангахад чиглэсэн бусад арга замаас үндсэн эрхэд илүү нийцсэнийг нь сонгон хэрэглэх шаардлагатай. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлтэд "Парламентын гишүүн ард түмнийг төлөөлж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулахыг зөвшөөрөх нь үндэслэлтэй байж болох ч сонгогчийн санал татах үйл ажиллагааг тогтоосон сурталчилгааны хугацааны дотор явуулахаар хязгаарлах нь зүйтэй. Түүнчлэн ирээдүйд ард түмнийг төлөөлөх хүсэлтэй хүн ч өөрийн үзэл бодол, үйл ажиллагааг нийтэд танилцуулах адил боломжоор хангагдах хэрэгтэй. Энэ нь үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, чөлөөтэй зорчих эрх чөлөөний хүрээнд баталгаажсан байдаг." (АСДҮОУХ, 2024, х. 4) гэж тусгажээ.
2.4.Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж байгаа эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал, тус зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Сонгуулийн жил эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн төдийгүй бусад иргэн хийсэн ажлын тайлангаа тараах, уул тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх болон хуулиар хориглоогүй бусад арга хэмжээ явуулах нь нээлттэй байна. Гэвч сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд зөвхөн Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа тараах, уул тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх давуу байдлыг бий болгосон нь ард түмний элчийн хувьд сонгогчидтой нягт холбоо, эгэх хариуцлагатай байх зорилгод үйлчлэх боломжтой боловч энэ зохицуулалт нь сонгуульд оролцох тэгш бус боломжийг бий болгожээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийн дагуу тайлан тараах, сонгогчидтой уулзалт хийхийг Улсын Их Хурлын гишүүнд зөвшөөрсөн ч Улсын Их Хурлын гишүүн бус иргэн яг адил байдлаар тайлан тараах, сонгогчидтой уулзах нь тус хуулийн зөрчилд тооцогдох, улмаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эсхүл нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох буюу сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болох ноцтой үр дагавартай зохицуулалт нь тэдгээрийн хооронд тэнцвэргүй байдал үүсгэж, шударгаар өрсөлдөх нөхцөлийг алдагдуулж байна. Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлтэд тэмдэглэснээр "... парламентын гишүүн биш ч гэсэн сонгуульд нэр дэвших сонирхолтой бусад хүнд өөрийн тайлан, ололт амжилтаа танилцуулах боломж олгосон тэнцвэртэй зохицуулалтгүйгээр уг заалт нь одоогийн парламентын гишүүнд шударга бус давуу байдал олгосон гэж үзэж болно." (АСДҮОУХ, 2024, х. 7) Иймд Улсын Их Хурлын гишүүн ард түмний элч болохын хувьд үйл ажиллагаагаа тайлагнах нь зүй ёсны боловч үүний тулд сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулж, тодорхой этгээдэд давуу байдал олгож болохгүй тул тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь тэнцвэртэй байх шалгуурт нийцэхгүй байна.
Гурав. Ялгаварлан гадуурхсан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэгш байдал нь төрөөс бүхий л үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим юм. Нөгөө талаас Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж хүн бүр эрх тэгш байх зарчмыг баталгаажуулсан. Тус зарчим нь дараах агуулгыг илэрхийлнэ. Нэгд, хүн бүрийг эрх зүйн этгээд гэж хүлээн зөвшөөрч, хүний нэр төрийг нь хүндэлнэ (Цэцийн дүгнэлт, 2025, №01). Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэж туссан. Хоёрт, хуулийн агуулга, хэрэгжилт, хэрэглээ эсхүл бусад үйл ажиллагаанд хэнийг ч дорд үзэж, ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ утгыг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэж тодруулсан бөгөөд энд дурдсан эсхүл дурдагдаагүй шинж (хөгжлийн бэрхшээл зэрэг)-ээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2017, №07). Гуравт, хүн бүр эрхийнхээ хувьд тэгш байх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийн болон бусад арга хэмжээг төрөөс авна. Тухайлбал, хүйс үл хамааран тэгш эрх эдлэхийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад "улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;" гэж тусгайлан заажээ. Дөрөвт, ялгаварлан гадуурхахад хүргэх шалтгаан болсон ужиг нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор хүн амын тодорхой хэсэгт давуу хандсан тусгай арга хэмжээ авах нь эрх тэгш байх зарчмыг хөндөхгүй. Тодруулбал, ийм нөхцөлийн улмаас хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлж чадахгүй байгаа хүмүүст давуу байдал олгож болох бөгөөд зорилго нь биелмэгц тус арга хэмжээг зогсооно. Тавд, үндсэн эрхийг эдлүүлэх болон бусад хүрээнд хүмүүст дур мэдэн буюу зохих үндэслэлгүйгээр ялгаатай хандахыг хориглоно. Гэхдээ энэ зарчим нь хүмүүст дандаа адил хандах утгагүй бөгөөд зохих үндэслэлээр ялгаатай хандах, ангилал үүсгэхийг зөвшөөрнө.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгээр хийсэн ажлын тайлангаа танилцуулах, уулзалт хийхийг Улсын Их Хурлын гишүүнд илт зөвшөөрч, бусад иргэнд ийнхүү зөвшөөрөөгүй нь өмнө тайлбарласанчлан эрх зүйн тодорхой байдлыг хангаагүй төдийгүй хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй бус, тэнцвэргүй байх тул Улсын Их Хурлын гишүүнд бусад иргэнээс илүү давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр олгож, ялгаварлан гадуурхсан шинжтэй байна. Сонгуулийн жилд сонгуульд оролцохтой холбогдуулан иргэдэд зохих үндэслэлгүйгээр ялгаатай хандаж болохгүй. Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч болохын хувьд бусад этгээдээс эрх зүйн байдлын хувьд ялгаатай субъект мөн боловч сонгуулийн жил эхэлснээр нэр дэвшихээр бол нэр дэвших сонирхол бүхий бусад иргэнтэй адил субъект тул хуулийн хязгаарлалт, эрх, үүрэг нэгэн адил үйлчилнэ. Иймээс сонгуулийн жилд сонгуулийн сурталчилгааны хугацаанаас өмнө буюу нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах, уулзалт хийхийг зөвшөөрч байгаа бол үүнтэй адил үйл ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн бус иргэнд мөн зөвшөөрч, нэр дэвшихээр төлөвлөж байгаа бүх иргэнд сонгуульд оролцох тэгш боломж олгох учиртай.
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийнхолимогтогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж заасан. Олныг төлөөлөх аргыг хэрэглэх хүрээнд нэр дэвшигч нь өөрийгөө болон хувийн амжилтаа нийтэд таниулах замаар сонгогчдын дэмжлэг авах хэрэгцээ хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг хэрэглэж байгаагаас илүү өндөр байдаг тул өөрийгөө таниулах тэгш боломжийг олгох шаардлагатай байдаг. Иймээс уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь сонгуулийн тойрогт нэр дэвших сонирхол бүхий Улсын Их Хурлын гишүүн болон бусад иргэний хооронд ажлаа тайлагнах замаар өөрийгөө таниулах тэгш бус боломжийг улам нэмэгдүүлэхээр байна.
Улсын Их Хурлаас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт "Гишүүн үйл ажиллагааныхаа талаар тойргийнхоо сонгогчдод мэдээлэх, сурталчлах зардал болон дотоод хэвлэл захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ." гэж зохицуулж байсан. 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Гишүүн дараах бүрэн эрхтэй:" гээд 8.1.26 дахь заалтад "сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх." гэж заасан. Үүнээс үзвэл Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа хэвлэх, сонгогчдод тараах, танилцуулах зорилгоор уулзалт хийх, хуулиар хориглоогүй бусад арга хэмжээ явуулах зэргийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд хамааруулах тохиолдолд улсын төсвийн санхүүжилтийг хэрэглэж болохоор байна. Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа тараах нь нэг талаас өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, түүнийгээ тайлагнаж байгаа хэлбэр гэж үзэж болох ч сонгуулийн жилд энэ үйл ажиллагааг сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг гэж тооцох, сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэм хэмжээ, тэр дундаа зардлын болон ил тод байдлын зохицуулалтад нийцүүлбэл зохино. Учир нь сонгуулийн сурталчилгааны хэм хэмжээ одоогийн парламентын гишүүн эсэхээс үл хамааран ижил үйл ажиллагаа явуулж байгаа бүх хүнд болон бүх үед адил үйлчлэх хэрэгтэй (АСДҮОУХ, 2024, х. 8).
Дөрөв. Олон улсын эрх зүй ба сайн туршлага
4.1.Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө. Иймээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (цаашид "Пакт" гэх)-аар хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. Төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох төдийгүй төрийн алба хаших эрх нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ бөгөөд эдгээр эрхийг баталгаатай эдлүүлэх нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг мөн (Цэцийн дүгнэлт, 2025, №01). Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр төрийг удирдах хэрэгт шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.", 2 дахь хэсэгт "Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй.", 3 дахь хэсэгт "Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно." гэж тус тус заажээ. Түүнчлэн Пактын 25 дугаар зүйлд зааснаар иргэн бүр (а) "төрийн үйл хэрэгт шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох;", (b) "сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;", (c) "тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших." эрх, боломжийг аливаа ялгаварлан гадуурхал, үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр эдэлнэ.
1996 онд НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Пактын 25 дугаар зүйлээр хамгаалсан эрхийн тухай 25 дугаар Ерөнхий тайлбарыг гаргасан. Энэхүү тайлбар (догол 8)-т "Иргэд өөрсдийн төлөөлөгчидтэйгөө нийтийн мэтгэлцээн, харилцан ярианд оролцож эсхүл өөрсдөө зохион байгуулалтад орж нөлөөлөл үзүүлэх замаар төрийн үйл хэрэгт оролцож болно. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах нь энэхүү оролцоог хангахад дэмжлэг болно" гэдгийг тодруулсан байна. Мөн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө нь сонгох эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөл тул бүрэн хамгаалагдах ёстой (Ерөнхий тайлбар, №25, догол 12).
"Иргэн, нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгч нар хоорондоо нийтийн болон улс төрийн аливаа асуудлаар мэдээлэл, үзэл санаагаа чөлөөтэй солилцох нь Пактын 25 дугаар зүйлээр хамгаалсан эрхийг бүрэн эдлүүлэхэд нэн чухал. Энэ нь нийтийн асуудлаарх санал бодлыг цагдан хяналт, хориг саадгүйгээр түгээх, нийтийн үзэл бодлыг мэдээлэлжүүлэх чадавх бүхий чөлөөт хэвлэл, мэдээллийн бусад хэрэгсэлтэй байх утгыг агуулна. Энэ нь Пактын 19, 21, 22 дугаар зүйлээр баталгаажсан эрхийг, үүний дотор дангаараа эсхүл улс төрийн нам, бусад байгууллагаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаанд оролцох, нийтийн асуудлаар мэтгэлцэх, тайван жагсаал, уулзалт зохион байгуулах, шүүмжлэх, эсэргүүцэх, улс төрийн материал хэвлэн нийтлэх, сонгуулийн сурталчилгаа явуулах, улс төрийн үзэл санаагаа сурталчлах эрх чөлөөг хүндэтгэж, бүрэн эдлүүлэхийг шаардана." (Ерөнхий тайлбар, №25, догол 25)
Сонгуульд нэр дэвших эрхэд тавих аливаа хязгаарлалт нь үндэслэл бүхий, обьектив шалгуураар зөвтгөгдөхүйц байх бөгөөд нэр дэвшүүлэхтэй холбоотой нөхцөл нь үндэслэл бүхий, ялгаварлан гадуурхаагүй байна (Ерөнхий тайлбар, №25, догол 15, 16). Түүнчлэн Пактын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлан гадуурхахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй." гэжээ.
Иймд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хүндэтгэж, бүрэн эдлүүлэх, ялангуяа иргэн, нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгч нар хоорондоо нийтийн болон улс төрийн аливаа асуудлаар мэдээлэл, үзэл санаагаа чөлөөтэй солилцох боломжтой байх нь Пактын 25 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөл мөн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа тараах, сонгогчидтой уулзалт хийхийг зөвшөөрч, тус хуулийн холбогдох бусад заалтаар адил үйл ажиллагааг иргэнд хориглосон гэж үзэхээр зохицуулсан нь Улсын Их Хурлын гишүүн бус иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг, үүний дотор "улс төрийн материал хэвлэн нийтлэх, сонгуулийн сурталчилгаа явуулах, улс төрийн үзэл санаагаа сурталчлах" эрх чөлөөг хязгаарласан байна. Өмнө дурдсанчлан энэхүү хязгаарлалт нь Улсын Их Хурлын гишүүнд бусад иргэнээс илүү давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр бий болгосон тул ялгаварлан гадуурхсан шинжтэй байна.
4.2.Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлтэд сонгуулийн сурталчилгааны хугацаанаас өмнө ажлын тайлан тараах, сонгогчидтой уулзалт хийх давуу байдлыг парламентын гишүүнд хуулиар олгосон эсэхийг ардчилсан төлөвтэй 80 улсын хууль тогтоомж болон бусад эх сурвалжид тулгуурлан судлаад Монгол Улстай адил Улсын Их Хурлын гишүүнд ийм давуу байдал шууд олгосон зохицуулалттай улс байгаагүй гэж үзжээ. Харин Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассамблейн гишүүн "мэдээлэл өгөх уулзалт, бичгээр гаргасан тайлан (хэвлэмэл материал, дуу бичлэг, видео бичлэг, компьютержсон мэдээлэл зэрэг), интернэт, мессеж эсхүл дуудлага хийсэн хүн болон хүлээн авагчийн хооронд шууд утсаар ярьсан яриа, мэндчилгээний үг"-ээр дамжуулан парламентын үйл ажиллагааны талаар сонгогчдод тайлагнахыг хуулиар зөвшөөрдөг боловч сонгуулийн өдрөөс өмнөх 90 хоногийн хугацаанд ийнхүү тайлагнахыг хязгаарладаг байна.
Харьцуулан судалсан улсуудад парламентын гишүүний хувьд сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэмэлт хориглолтыг хуульчлах замаар сонгуульд оролцох тэгш боломжоор хангах, мөн үзэл бодлоо илэрхийлэх болон бусад эрх чөлөөнд тавих хязгаарлалт нь парламентын гишүүн болон бусад иргэнд нийтлэг үйлчлэх чиг хандлага ажиглагдаж байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Франц Улсад сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх зургаан сарын турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй сурталчилгаа явуулах замаар сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглодог. Түүнчлэн Данийн Хаант Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Косово Улсад парламентын гишүүн юу хийж болох, болохгүйг тодорхой тусгасан байдаг. Данийн Хаант Улсад телевизээр сурталчилгаа хийхийг парламентын гишүүнд хориглодог бол Шинэ Зеланд Улсад парламентын гишүүний зөвхөн "холбоо барих мэдээллийг" "сонгуулийн сурталчилгаа" гэсэн тодорхойлолтоос хасаж үздэг. Бүгд Найрамдах Косово Улс нь сонгогдсон болон томилогдсон бүх албан тушаалтныг сонгогчийн санал татах зорилгоор албан тушаалаа эсхүл түүний аливаа нөөцийг ашиглахыг хориглодог. Зарим улсад төрийн албан тушаалтан өөрийн албан тушаалаа ашиглах замаар давуу байдал олж авахыг хориглодог. Тухайлбал, Бүгд Найрамдах Энэтхэг Улс сайдын албан тушаалыг давхар хашиж байгаа парламентын гишүүнд албан айлчлал (уулзалт)-аа сонгуулийн сурталчилгаатай хослуулахыг, албаны техник, боловсон хүчийг ашиглахыг тус тус хориглосон байна. Мөн Бүгд Найрамдах Сенегал Улсад сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаа эхлэхээс 30 хоногийн өмнө төрийн албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдэгдэл гаргах, айлчлал (уулзалт) хийх, төрийн эсхүл хувийн байгууллагаас төрийн өмчийг ашиглах зэргээр "далд сурталчилгаа" хийхийг хуулиар хориглодог ажээ.
Тав. Үндэсний хууль тогтоомжийн тухайд
5.1.Түүхчлэн авч үзвэл Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлын тайлангаа сонгогчдод тараахыг тусгайлан зөвшөөрсөн зохицуулалт холбогдох хуульд тусч ирсэн байна. Тодруулбал, Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.19 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь энэ хуулийн 35.18-д үл хамаарна." гэж Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа хүргүүлэх эрхийг анх тусгайлан хуульчилж байсан. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.18 дахь хэсэгт "Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:" гээд 35.18.1-35.18.18-д хориглосон үйлдэл, үйл ажиллагааг жагсаасан байжээ.
Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй." гэж зохицуулж байжээ. Энэ заалтыг ЕАБХАБ/АИХЭГ-ын 2016 оны тайлан (х. 15)-д "хуулийн хүрээний зарим заалтаар сонгуульт албан тушаал хашиж буй хүмүүсийн өөрийн ололт амжилтыг сурталчилсан материалыг сонгуулийн сурталчилгааны материал гэж үзэхгүй байсан нь сонгуульд дахин өрсөлдөж байсан УИХ-ын гишүүдэд ашигтайгаар нөлөөлж байв. Мөн жижиг намууд болон улс төрд шинээр орогсдод ашиггүй нөхцөл бүрдүүлж буй хуулийн нэмэлт заалтууд байна." гэж дүгнэсэн байдаг.
5.2.Сонгуулийн тухай хууль (2015)-ийн 77 дугаар зүйлийн 77.13 дахь хэсгийн зохицуулалт нь 2019 онд батлагдаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт агуулгаараа туссан байна. Харин Улсын Их Хурлын гишүүн тайлан танилцуулах зорилгоор сонгогчидтой уулзалт хийх, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ явуулах тусгайлсан зохицуулалт нь 2019 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт анх удаа тусжээ. Эдгээр зохицуулалт сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар хэрхэн хэрэгжсэн талаар олон улсын болон дотоодын тайланд тэмдэглэжээ. Тухайлбал, ЕАБХАБ/АИХЭГ-ын 2020 оны тайлан (х. 2)-д "зарим хүмүүс сонгуулийн сурталчилгааны хугацаа хэт зохицуулалттай, өргөн уудам газар нутгийг хамарсан сурталчилгаа хийх хугацаа богино, цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараах, төрийн нөөцийг урвуулан ашигласан гэх зэрэгтэй холбоотой санаа зовниж байгаагаа илэрхийлжээ." гэж ерөнхийд нь дурдсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн ажиглалтын талаарх ЕАБХАБ/АИХЭГ-ын эцсийн тайлан (х. 15)-д "Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 6 дугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, 24 цагийн өмнө дууссан. Нэр дэвшихээр горилогчид албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сурталчилгаа явуулахыг хуулиар хориглодог. Гэсэн хэдий ч, одоогийн УИХ-ын гишүүд дахин нэр дэвшихийг зорьж буй, нэр дэвшигчээр бүртгүүлэх үйл явц эхэлсэн эсэхээс үл хамааран сонгогдсон төлөөлөгчийн хувиар өөрсдийгөө сурталчилж болно. АИХЭГ-ын САХ-ны уулзсан маш олон хүн хуулиар зөвшөөрсөн тул одоогийн УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд сонгууль болохоос өмнө хэдэн сарын турш идэвхтэй кампанит ажил явуулж байсан талаар мэдэгдсэн юм. ... Сонгуулийн кампанит ажил зохион байгуулах эрх зүйн орчин хэт хязгаарласан байдлыг бууруулах, сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаа, түүнээс өмнөх цаг үед бүх өрсөлдөгчид сурталчилгаа явуулах ижил тэгш нөхцөлөөр хангаж хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Ерөнхийдөө өрсөлдөгчид чөлөөтэй, хөндлөнгийн оролцоогүйгээр кампанит ажил явуулсан хэдий ч, кампанит ажил тоглох тэгш бололцоогоор дутагдаж байв." гэжээ. Түүнчлэн иргэний нийгмийн ажиглалтад тулгуурлан боловсруулсан "Ерөнхий тойм: Монгол Улсын Их Хурлын сонгууль 2024" (х. 10)-д "Улсын Их Хурлын гишүүд сонгогчдодоо ажлаа тайлагнах нь зүй ёсны асуудал боловч хуулийн дээрх заалтууд нь сонгуулийн жил сонгогдсон гишүүдэд давуу тал олгон тэгш гараанаас өрсөлдөх нөхцөлийг дордуулаад зогсохгүй сонгуулийн жил төрийн эх үүсвэрийг улс төрийн сурталчилгааны зорилгоор ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна." гэжээ. Эдгээр эх сурвалжаас үзэхэд уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгээр Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ажлын тайлан тараах, сонгогчидтой уулзалт хийх, хуулиар хориглоогүй бусад арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх замаар давуу байдал олгосон байна.
Зургаа. Нэгтгэн дүгнэхэд
6.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгээр Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлынхаа тайлан тараах, уг тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой уулзалт хийхийг илт зөвшөөрч, харин Улсын Их Хурлын гишүүн бус иргэнд ийнхүү зөвшөөрөөгүй байна. Эдгээр зохицуулалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг хангахгүй байх тул иргэний сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсан байна.
Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн ажлын тайлан тараах, уг тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой уулзалт хийх давуу байдлыг олгосон байх бөгөөд ийм боломжийг бусад иргэнд зөвшөөрсөн эсэх нь хуулийн зохицуулалтаас ойлгомжгүй байна. Мөн Улсын Их Хурлын гишүүний хийсэн ажлын тайланд ямар шаардлага тавих, ямар мэдээлэл тусгаж болох эсхүл болохгүй, сонгуулийн сурталчилгааны агуулга оруулж болох эсэх, түүнд хэн яаж хяналт тавих нь тодорхой хуульчлагдаагүй байна. Тус зохицуулалтад Улсын Их Хурлын гишүүн "нэр дэвшихээр бол" ажлын тайлан тараах нөхцөлийг тусгасан бөгөөд ажлын тайлан болон сурталчилгааны материал хоорондын ялгааг тодорхойлоогүй учраас ийм тайлан тараах нэрээр сонгуулийн сурталчилгаа хийх эрсдэлийг үүсгэжээ. Иймээс эрх зүйн тодорхой байдал хангагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Улсын Их Хурлын гишүүнд тайлан тараах, уулзалт хийх давуу байдал олгосон нь сонгогчидтой нягт холбоо, эгэх хариуцлагатай байх хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай байх боловч адил байдлаар тайлан тараах, уулзалт хийхийг Улсын Их Хурлын гишүүн бус иргэнд илт зөвшөөрөөгүй учраас сонгуульд оролцох тэгш боломжид хамгийн бага хязгаарласан арга зам гэж үзэхгүй тул зайлшгүй байх шалгуурт нийцээгүй байна. Түүнчлэн маргаан бүхий зохицуулалт нь сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсны зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн бус иргэн адил байдлаар тайлан тараах, сонгогчидтой уулзах нь сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болох (нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эсхүл нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох) ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй байх тул тэнцвэргүй байна.
Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа тараах, тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх замаар өөрийгөө сонгогчдод таниулах давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр бий болгосон байх тул ялгаварлан гадуурхсан шинжтэй байна. Учир нь Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч болохын хувьд бусад этгээдээс эрх зүйн байдлын хувьд ялгаатай субъект мөн боловч сонгуулийн жил эхэлснээр нэр дэвшихээр бол нэр дэвших сонирхол бүхий бусад иргэнтэй адил эрх зүйн байдалтай гэж үзэх тул сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн хязгаарлалт, эрх, үүрэг нь нэгэн адил үйлчилнэ.
Иймд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь сурталчилгааны бус хугацаанд сонгогчдод ажлын тайлан тараах, уулзалт хийх давуу байдлыг Улсын Их Хурлын гишүүнд зохих үндэслэлгүйгээр бий болгож, бусад иргэний сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсан байх тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж заасныг зөрчсөн байна.
6.2.НҮБ-ын Хүний эрхийн хорооны 25 дугаар Ерөнхий тайлбарт зааснаар иргэн, нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгч нар хоорондоо нийтийн болон улс төрийн аливаа асуудлаар мэдээлэл, үзэл санаагаа чөлөөтэй солилцох боломжтой байх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлэх урьдач нөхцөл болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь Пактаар хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг, үүний дотор "улс төрийн материал хэвлэн нийтлэх, сонгуулийн сурталчилгаа явуулах, улс төрийн үзэл санаагаа сурталчлах" эрх чөлөөг хязгаарласан байх ч Улсын Их Хурлын гишүүнд бусад иргэнээс илүү давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр бий болгосон нь Пактын 25 дугаар зүйлд заасан эрх, боломжийг ялгаварлан гадуурхалгүйгээр эдлүүлэх үзэл баримтлалд нийцэхгүй байгааг тэмдэглэж байна.
Сонгуулийн үеийн хууль зүйн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаанаас үзвэл дийлэнх ардчилсан улсад ажлын тайлан тараах, сонгогчтой уулзах давуу байдлыг парламентын гишүүнд олгохоос татгалзаж, харин үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавих хязгаарлалт нь парламентын гишүүн болон бусад иргэнд тэгш үйлчлэх, парламентын гишүүний давуу байдлыг хязгаарлаж сонгуульд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх чиг хандлагатай байна.
6.3.Сонгуульд оролцох тэгш боломжоор хангах үүднээс аль нэг субъектэд зохих үндэслэлгүйгээр давуу байдал олгохгүй байх нь Үндсэн хуульд нийцнэ. Сонгуулийн сурталчилгааны болон бусад хэм хэмжээ нь Улсын Их Хурлын гишүүн эсэхээс үл хамааран ижил үйл ажиллагаа явуулж байгаа бүх иргэнд болон бүх үед тэгш үйлчлэх, тухайлбал сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын гишүүний сонгогчдод ажлын тайлан тараах, уулзалт хийх боломжийг бусад иргэнтэй адилхан хязгаарлах эсхүл ийм боломжийг Улсын Их Хурлын гишүүн болон бусад иргэнд адилхан эдлүүлэх зэрэг тэнцвэржүүлэх зохицуулалтыг тодорхой хуульчлах нь тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх зарчимд нийцнэ. Энэ хүрээнд сонгуульд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бий болгож, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг эрх чөлөөг хэн бүхэнд тэгш эдлүүлэх, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагааны ил тод байдал, эгэх хариуцлагыг хангахын тулд хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай.
6.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учир энэхүү дүгнэлт нь гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болно (Цэцийн тогтоол, 2024, №02).
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт "Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.
3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР
О.МӨНХСАЙХАН
Б.БОЛДБААТАР
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.