Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
Дугаар 01
text-align:center">Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
text-align:right">Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Ц.Цолмон, Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Алтангэрэл болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцлоо.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Д.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий өргөдөл, гомдлыг ирүүлжээ:
"Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн юм. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар тогтоолоороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Үүнийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэсэн нь хоёр алдаатай гэж үзэж байна. Нэгдүгээрт энэхүү "… дэвшүүлэгч ..." үйлийн эзэн нь бусад сонгогчдоосоо 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах шаардлагатай мэтээр заасан нь нэг мөр ойлгох боломжгүй, үйлийн эзнийг буюу биеийн төлөөний үгээ буруу тодорхойлсон монгол хэлний найруулга зүйн алдаатай; хоёрдугаарт Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад иргэний бүртгэлийн дугаарыг заавал бүртгэнэ гэх зөвлөмж өгсөн. Миний мэдсэнээр регистрийн дугаарт иргэний гэрийн хаяг, холбоо барих дугаар багтдаг бол иргэний бүртгэлийн давтагдашгүй арван хоёр оронтой дугаарт тухайн хүний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, татварын мэдээлэл зэрэг хувийн нууцад хамаарах мэдээлэл агуулагддаг байна. Сонгуулийн ерөнхий хорооны баталсан маягт нь Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн, хуулиас давсан илт хууль бус үйл ажиллагааг шаардсан журам болсон учраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг хууль бус юм.
2.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн тэгш эрхийн зарчим нь адилтгаж болох буюу эрх зүйн байдал нь ижил этгээдүүдийн хувьд авч үздэг ойлголт тул миний бие намын гишүүн биш учраас тэгш эрхийн зарчим үйлчлэхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан хүний эрх, эрх чөлөө нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал бөгөөд хүний үндсэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Энэхүү бүлгийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." хэмээн заасан. Миний бие энэ эрхээ баталгаатай эдэлмээр байна. Иргэд Үндсэн хуулиар хамгаалагдан баталгаажуулсан эрхээ эдлэх гэж заавал 801-ээс доошгүй иргэний гарын үсэг цуглуулах ёстой байхад намын гишүүд дээрх гарын үсгийг цуглуулахгүй намын сонголтоор шууд нэр дэвших эрхээ эдэлж байгаа нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна. Нам бол төрийн бус байгууллага. Бид бүгд Монгол Улсын иргэний хувьд ижилхэн эрхтэй, тэд Үндсэн хуульд заасан дээрх эрхээ шууд эдэлж байхад, иргэн миний бие яагаад уг эрхээ эдлэх боломжгүй, ялгаварлагдан гарын үсэг цуглуулах үүрэгтэйг огт ойлгохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлд заасан үүргүүдэд энэ тухай огт заагаагүй. Иймд миний бие Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцмоор байна.
Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг зөрчиж байгаа учир Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн үйлчлэлийг яаралтай хүчингүй болгож өгнө үү." гэсэн байна.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"... Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэж заасан нь хууль батлах, төлөөллийн дээд байгууллагын гишүүн болох нэгэн гол шалгуур бол тухайн тойргийн сонгогчийн төлөөллийг оролцуулах, Улсын Их Хурлын гишүүн ард түмний элч байхын тулд ард түмнээс сонгогчдоосоо дэмжлэг авах, иргэнийхээ төлөө байдагт оршино.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;" гэж Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг заасан нь хуулийн хүрээнд, хуульд заасан үндэслэлээр үл ялгаварласан, хуулийн өмнө тэгш байх зарчмын хүрээнд хүний эрхийг дээдэлсэн Монгол Улсад дагаж мөрдөх хуулийг баталж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ..." гэж хуульчилсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар бие даан нэр дэвших иргэн болон улс төрийн нам, эвслээс сонгуульд оролцоход тодорхой шалгуурыг тогтоосон билээ.
Улс төрийн нам, эвслийн тухайд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулахаар хүсэлтээ илэрхийлж, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх намууд тамга /тэмдэг/ даран баталгаажуулна.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргахаар тусгасан бөгөөд үүнд сонгуульд оролцох тухай намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр; намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам; намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг нарийвчлан хуулиар зохицуулжээ. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6 дахь заалтад улс төрийн намыг бүртгүүлэх өргөдөлд "намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл ..."-ийг хавсаргахаар зохицуулжээ.
Иргэний хувьд сонгуульд нэр дэвшихэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвших иргэн болон улс төрийн нам, эвслээс сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ тодорхой, дээрх шалгуурыг тогтоосон нь зүйд нийцэж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.
Гурав. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 1/819 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, лавлагаанд:
" ... 1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг нийт 9 удаа зохион байгуулахад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль (Сонгуулийн тухай хууль)-ийн 5 удаагийн шинэчилсэн найруулга батлагдаж эрх зүйн орчин тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байсан. Эдгээр хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөр бие даан нэр дэвших бол тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны дэмжлэг буюу дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулах талаарх зохицуулалтад ямар нэгэн өөрчлөлт орж байгаагүй. ... Нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааг тухайн нам, эвслийн төлөөллийн төв байгууллага нь нууц санал хураалтаар шийдвэрлэдэг бол бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны онцлог нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаж буй иргэн тухайн нэр дэвших гэж буй тойргийн сонгогчдоос дэмжлэг авснаар бие даан нэрээ дэвшүүлэх эрх нь үүсдэг. Мөн сонгуульд оролцож буй нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж, түүнийг төрийн аудитын байгууллагад хянуулж, дүгнэлт гаргуулдаг бол бие даан нэрээ дэвшүүлэгч нь мөн адил мөрийн хөтөлбөр боловсруулж, хэрэв сонгогдох юм бол бүрэн эрхийн хугацаандаа түүнийг хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг болдог бөгөөд бие даан нэр дэвшигч нь парламентад суудал бүхий нам, эвслийн нэгэн адил хууль тогтоох байгууллагын бүрдүүлэгч болдог тул нам, эвслийг анх байгуулахад тавигдах шаардлагатай адилтган хууль тогтоогч үздэг байх боломжтой юм.
1992 оноос хойш зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын 9 удаагийн ээлжит сонгуулийн хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу бие даан нэрээ дэвшүүлэгч 801-ээс дээш тооны гарын үсэг зуруулсан байх шаардлага хангаагүй үндэслэлээр 2016 онд 3, 2020 онд 14, 2024 онд 4 бие даан нэрээ дэвшүүлэгчийг бүртгэхээс татгалзсан байна. ...
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт бие даан нэрээ дэвшүүлэгчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад бичигдэх мэдээллийг тодорхойлсон бөгөөд үүнд сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаар зэргийг тодорхой бичсэн байхаар хуульчилсан. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн "Маягт батлах тухай" 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан гарын үсэг зуруулах маягтыг батлахдаа хуульд заасан дээрх мэдээлэл бүрийг үндэслэл болгосон болно.
3.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Дугаржавын Алтангэрэл нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулах шаардлага хангаагүй тул тус Хорооны 2024 оны 158 дугаар тогтоолоор бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан болно. Бие даан нэрээ дэвшүүлэгч Д.Алтангэрэл нь нийт 715 дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулсан маягтыг тус Хороонд ирүүлсэн болно. ...
2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүний дагалдах хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулж уг хуульд "регистрийн дугаар" гэснийг "иргэний бүртгэлийн дугаар" болгон өөрчилсөн. Тус Хорооны хувьд бие даан нэрээ дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулах маягтад регистрийн дугаар, эсхүл иргэний бүртгэлийн дугаар алийг нь ч бичсэн тооцно. Учир нь регистрийн дугаар, эсхүл иргэний бүртгэлийн дугаар нь гагцхүү тухайн гарын үсэг зуруулсан дэмжигч сонгогч нь бие даан нэрээ дэвшүүлэгчийн тойргийн нутаг дэвсгэрт буюу тухайн тойргийн сонгогч мөн эсэх мэдээллийг нягтлан шалгахад шаардлагатай мэдээлэл юм." гэсэн байна.
Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч иргэн Д.Алтангэрэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг; мөн маргаан үүсгэсэн тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван есдүгээр 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор өргөдлийн шаардлагаа нэмэгдүүлж, тайлбар хийсэн болно.
Тав. Өргөдөл, гомдлыг урьдчилан шалгах болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоол, 2020.06.23, №244, №245;
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, 2020.06.08, №221/ШШ2020/0009;
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, 2020.06.09, №0010;
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, "Тайлбар, лавлагаа хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.08.30, №1/819;
Улсын бүртгэлийн ерөнхий газар, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.10.25, №1/13335;
Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбар: Төрийг удирдах хэрэгт оролцох эрх, сонгох эрх, төрийн алба хаших тэгш боломжтой байх эрх, 1996, №25, CCPR/C/GC/25;
НҮБ-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбар: Үл ялгаварлан гадуурхал, 1989, №18, CCPR/C/GC/18;
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газар (цаашид "ЕАБХАБ/АИХЭГ" гэх), Сонгуулийн эрх зүйн орчныг хянах удирдамж, 2013;
ЕАБХАБ/АИХЭГ-аас томилогдсон Олон улсын сонгуулийг ажиглах хороо, Монгол Улс: Парламентын сонгууль Урьдчилсан үр дүн, дүгнэлтийн талаарх мэдэгдэл, 2024.06.28;
Венецийн комисс, Сонгуулийн асуудлаарх сайн туршлагын дүрэм, CDL-AD (2002) 23;
Венецийн комисс болон ЕАБХАБ/АИХЭГ, Улс төрийн намын зохицуулалтын удирдамж, CDL-AD (2010) 024;
Венецийн комисс, Намыг парламентад оруулахыг хязгаарлах сонгуулийн тогтолцооны босго, бусад онцлогийн тухай тайлан (II), CDL-AD (2010) 007;
Венецийн комисс, Беларусь Улсын Сонгуулийн тухай хуулийн төсөлд өгсөн санал, CDL (99) 66;
Венецийн комисс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Парламентын сонгуулийн тухай хуулийн төсөлд өгсөн санал, CDL-INF (2000) 17;
Европын зөвлөл, Ардчилсан сонгууль: Орон нутгийн болон бүсийн сонгуульд бие даан нэр дэвшигч болон сөрөг хүчний нөхцөл байдал, 2022;
Хүний эрхийн Европын шүүх, Азербайжаны эсрэг Тахиров, 2015, 31953/11;
Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх, Ерөнхийлөгчийн эсрэг Өмнөд Африкийн нэг хөдөлгөөн АББ, Case CCT 158/23;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн зохицуулалтад холбогдох гадаад орны харьцуулсан судалгаа, 2024.10.02.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн Зургадугаар бүлэгт Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх талаар зохицуулж, энэ хүрээнд бие даан нэр дэвшүүлэхэд тавих шаардлага, холбогдох журмыг хуульчилжээ. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.", 31.3 дахь хэсэгт "Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.", 31.4 дэх хэсэгт "Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (цаашид "Үндсэн хуулийн цэц" гэх)-ийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхэд дараах үндэслэл тогтоогдож байна:
Нэг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх
Сонгох эрх нь Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн эсхүл орон нутгийн хурлын сонгуульд саналаа өгөх эрх юм. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүнийг иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчмын дагуу сонгоно. Харин сонгогдох эрх нь төрийн эрх барих дээд байгууллага зэрэгт иргэдийг төлөөлж ажиллах бүрэн эрхийг нийт сонгогчийн саналаар олж авахад чиглэгдэнэ. Сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэх нь сонгогч нэр дэвшигчдээс чөлөөтэй сонгох нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг заажээ. Намын гишүүн эсхүл гишүүн бус иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрх, боломжтой бөгөөд уг эрхээ нам, эвслээс эсхүл бие даан нэрээ дэвшүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Түүхчлэн авч үзвэл, 1992, 2005, 2011, 2015, 2019 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай холбогдох хуульд тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлагыг тусгаж ирсэн байна. Тодруулбал, 1992 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.", 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Монгол Улсын сонгогдох эрх бүхий иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.", 2011 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 6.2-т заасан иргэн сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй." гэж заасан байсан бол 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт "Бие даан нэрээ дэвшүүлэгч тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулна." гэж зохицуулж, улмаар адил агуулгыг 2019 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт тусгажээ.
Монгол Улсад туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдлыг хангах, тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх зэрэг нөхцөлийг хангахыг Үндсэн хуулиар шаардах бөгөөд аль нэг нөхцөлийг нь хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн үндэслэл болно (Цэцийн дүгнэлт, 2017, №07; 2023, №03; 2024, №02; №03; №04; Цэцийн тогтоол, 2024, №03). Сонгогдох эрх нь туйлын эрх биш тул сонгуульд нэр дэвшигчид буюу сонгогдох эрхээ хэрэгжүүлэгч иргэнд шалгуур, болзол, нөхцөл тогтоох нь сонгох эрхийг баталгаажуулахад чиглэгддэг бөгөөд ийнхүү тогтоохдоо Үндсэн хуульт, ардчилсан ёсыг хамгаалах хууль ёсны зорилгод нийцсэн, үндсэн хуулийн эрх зүйн "хэмжээ хэтрэхгүй" байх зарчмын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хүрээнд хуулиар тодорхойлох боломжтой байна (Цэцийн дүгнэлт, 2020, №03). Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгээр тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг зуруулсан байхыг шаардаж байгаа нь бие даан нэр дэвшүүлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн эсэхийг эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчим, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмын дагуу шалгаж үзлээ.
1.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим төдийгүй эрх зүйт төрийг өргөн агуулгаар хамгаалдаг. Хууль дээдлэх ёс үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Өөрөөр хэлбэл, үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах бөгөөд уг хязгаарлалт нь хоёрдмол утгагүй, тодорхой, үр дагаврыг урьдчилан таамаглаж, мэдсэнээр зан үйлээ нийцүүлэх боломжтой байдлаар хуульчилбал зохино (Цэцийн дүгнэлт, 2002, №02; 2020, №12; 2021, №02; Цэцийн тогтоол, 2002, №02).
Бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулбал зохих гарын үсгийн доод хязгаарыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт тусгасан байх боловч эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэхийг холбогдох бусад заалттай хамт шалгах шаардлагатай байна.
1.1.1.Сонгогчийн гарын үсэг зуруулах хугацаа
Нэр дэвшигчээр бүртгэхтэй холбоотой асуудлыг хуулиар тодорхой зохицуулах нь эрх зүйн тодорхой байдалд нийцнэ. Тухайлбал, бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг цуглуулахыг шаарддаг бол гарын үсэг зуруулахад боломжит хугацаа олгох бөгөөд зуруулж эхлэх, дуусах хугацааг тодорхой тусгах нь зүйтэй (ЕАБХАБ/АИХЭГ, 2013, х. 38).
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.", 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно." гэж заажээ. Үүнээс үзвэл 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны нэг хэсэг мөн гэвэл гарын үсэг зуруулах ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгахаар байна. Нөгөө талаас тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт "Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:" гээд 32.3.2 дахь заалтад "сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;" гэж заажээ. Баримт бичгийг ирүүлэх энэхүү тав хоногийн дотор нэр дэвшүүлэгч иргэн үргэлжлүүлэн гарын үсэг зуруулж болох эсэх нь хуулийн зохицуулалтаас ойлгомжгүй байна. Тодруулбал, бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг зуруулах ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах, эсхүл уул хугацаан дээр нэмээд баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хүртэлх тав хоногт (нийтдээ 12 хүртэл хоногт) үргэлжлүүлж болохоор хуульчилсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо (цаашид "Сонгуулийн ерөнхий хороо" гэх)-ны 2024 оны 01 дүгээр тогтоолын Хавсралтаар баталсан "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь"-ийн 23 дахь заалтад бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал явуулах, бие даан нэрээ дэвшүүлэгч мөн оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор баримт бичгийг тус хороонд ирүүлэхээр заажээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр өргөдөл гаргагч Д.Алтангэрэл Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарь болон өгсөн зөвлөмжийн дагуу 12 хоногийн хугацаанд гарын үсэг цуглуулахаар байсан гэх тайлбарыг хийсэн. Үндсэн эрхийг хязгаарласан ердийн хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлах боломжтой байвал үндсэн эрхэд илүү нийцсэнийг нь хэрэглэх шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03).
1.1.2.Сонгогчийн гарын үсгийг нягтлан шалгах, шийдвэрлэх журам
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсэгт "Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана." гэж зохицуулсан. Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд 69, 2020 оны сонгуульд 121, 2024 оны сонгуульд 42 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ тус хороонд ирүүлжээ. Бие даан нэр дэвшүүлэгч бүр 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлагыг хангах зорилгоор дунджаар 1000 гарын үсэг цуглуулсан гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор 40.000-120.000 орчим сонгогчийн гарын үсгийг нягтлан шалгах шаардлага үүснэ гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хороо аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэмжлэг авсан ч долоо хоногийн дотор эдгээр гарын үсэг үнэн зөв эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгах, бие даан нэр дэвшүүлэгч бүр 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулсан эсэхийг тогтоох боломж хязгаарлагдмал. Ийм шалтгаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт "Сонгуулийн ерөнхий хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор гүйцэтгүүлж болно." гэж сонгогчийн гарын үсгийг түүвэрлэн тулгахаар хуульчилсан гэж үзэхээр байна.
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар 3 бие даан нэр дэвшүүлэгчийг, 2020 оны ээлжит сонгуулиар 14 бие даан нэр дэвшүүлэгчийг, 2024 оны ээлжит сонгуулиар 4 бие даан нэр дэвшүүлэгчийг 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулаагүй гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Энэ тухай шийдвэрүүдэд цуглуулсан сонгогчийн гарын үсгийн хэдэн хувийг хэрхэн түүвэрлэн тулгасан, түүвэрлэн тулгахад ямар шалгуур баримталсан, 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлагыг яагаад хангаагүй, ямар баримтад үндэслэсэн зэргийг заагаагүй байжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 221/ШШ2020/0009 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2020 оны 244 дугаар тогтоолоор бие даан нэр дэвшүүлэгч 1080 сонгогчийн гарын үсэг цуглуулснаас 483 нь зөрчилтэй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг; мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 0010 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2020 оны 245 дугаар тогтоолоор бие даан нэр дэвшүүлэгч 933 сонгогчийн гарын үсэг цуглуулснаас 223 нь зөрчилтэй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тус хорооны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Эдгээр шүүхийн шийдвэрээс үзэхэд эрх бүхий этгээд сонгогчийн гарын үсгийг нягтлан шалгахдаа үзэмжээрээ буюу дур мэдэн хандах, холбогдох зөрчлийг баримтаар эргэлзээгүйгээр тогтоохгүй байх, хэлбэрийн ялимгүй зөрчлийг үндэслэл болгох боломжийг дээрх хуулийн зохицуулалт олгож байна.
Бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, нягтлан шалгах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлаагүй нь гарын үсгийг түүвэрлэн тулгахад эрх бүхий этгээдийн үзэмжээр тогтоох, цаг хугацаанд баригдан хайнга хандах, нягтлан шалгахгүй орхих, улмаар иргэн сонгогдох эрхээ эдлэх эсэхийг тодорхой, обьектив шалгуураар бус, харин дур мэдэн шийдэх эрсдэл үүсгэж байх тул эрх зүйн тодорхой байдал алдагдсан байна. "Үндсэн эрхийн хэрэгжилтийг аль нэг албан тушаалтны үзэмж, дур мэдлээс хэт хамааралтай болгохоос татгалзах" шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Гарын үсгийг нягтлан шалгах ажиллагаа нь тодорхой хэм хэмжээгээр зохицуулагдах ёстой (Венецийн комисс, CDL-AD (2002) 23). Үндсэн эрх үр дүнтэй хэрэгжих зарчмын дагуу сонгогдох эрхийг эдлүүлэх журам нь дур мэдэн шийдвэр гаргахаас сэргийлэх хангалттай баталгааг агуулсан байх хэрэгтэй (Хүний эрхийн Европын шүүх, 2015, №31953/11, догол 56).
Нягтлан шалгах ажиллагаа нь зарчмын хувьд бүх гарын үсгийг хамрах ёстой (Венецийн комисс, CDL (99) 66; CDL-AD (2002) 23). Иймээс бүх гарын үсгийг нягтлан шалгах зарчмыг хуульчлах, богино хугацааг хуулиар тогтоох тохиолдолд тухайн хугацаанд нягтлан шалгаж болохуйц тооны гарын үсгийг бие даан нэр дэвшүүлэгчээс хуулиар шаардах нь зүйтэй. Хэрэв гарын үсгийг түүвэрлэн тулгах аргыг хэрэглэх тохиолдолд энэ талаарх үндэслэл, журмыг тодорхой хуульчлах шаардлагатай байна. Тухайлбал, (a)нягтлан шалгах түүвэр (дээж)-ийн хэмжээ; (b)түүврийг авах арга (санамсаргүй тоонуудыг компьютероор үүсгэх зэрэг); (c)тодорхой гарын үсэг хүчинтэй эсэхийг тогтоох шалгуур; (d)нэр дэвшигчээр бүртгэгдэхийн тулд хүчинтэй байх ёстой түүвэр дэх гарын үсгийн тоог тодорхойлох томьёо; (e)шаардлагатай бол нэмэлт түүвэр авах нөхцөл зэргийг тодорхой зохицуулах шаардлагатай (ЕАБХАБ/АИХЭГ, 2013, х. 38).
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт "Энэ хуульд заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэрээ дэвшүүлэгчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 31.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй." гэж заасан нь сонгогдох эрхийг эдлүүлэх, сонгуулийн төв байгууллагын ачааллыг бууруулах, үр нөлөөг дээшлүүлэх үүднээс зөвтгөх үндэслэлтэй байна. Шаардлагатай тооны гарын үсгийг цуглуулсан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон тохиолдолд үлдсэн гарын үсгийг нягтлан шалгах шаардлагагүй гэж үздэг (Венецийн комисс, CDL-AD (2002) 23).
Уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт "Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах ба хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно." гэж заасан. Сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлага нь баримт бичгийн бүрдэлд хамаарах эсэх, тус шаардлагыг хангаагүй тохиолдолд бие даан нэр дэвшүүлэгчид нөхөж гарын үсэг цуглуулах боломж олгох эсэх, ийм боломж олговол ямар хугацаа өгөх зэрэг нь тус хуулийн зохицуулалтаас тодорхойгүй байна.
Бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг зуруулсан байхыг шаарддаг улсаас заримыг нь нарийвчлан судалбал нийтлэг байдлаар бүхэлд нь шалгах боломжтой тооны гарын үсгийг шаардах, сонгогчийн дэмжлэг авсан эсэхийг тогтооход зайлшгүй, гол мэдээллийг авах, зарчмын хувьд бүх гарын үсгийг нягтлан шалгах, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг хуульд тодорхой заах, шаардлагыг агуулгын хувьд хангасан бол хэлбэрийн ялимгүй зөрчлийг татгалзах үндэслэлд тооцохгүй байх, алдааг засах боломжийг хугацаа тогтоон олгох зэрэг зохицуулалтыг хуульдаа тусгасан байна. Тодруулбал, Австралийн Холбооны Улсад бие даан нэр дэвшүүлэгч 100-аас доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулах бөгөөд уг босгын агуулгыг хангасан бол хэлбэрийн зөрчлөөс үүдэж нэр дэвшүүлэхээс татгалзахгүй хэмээн хуульчилжээ. Канад Улсад бие даан нэр дэвшүүлэгч нь 100-аас доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулахдаа зөвхөн нэр, хаяг, гарын үсгийг гэрчийг байлцуулан зуруулахаар зааж, алдаатай тохиолдолд засварлах боломжит хугацааг олгохоор зохицуулсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад бие даан нэр дэвшигч болон намаас нэр дэвшигч адил 200-аас доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулахаар зааж алдаатай тохиолдолд засах боломжит хугацааг олгохоор хуульчилжээ. Бүгд Найрамдах Солонгос Улсад бие даан нэр дэвшүүлэгч 300-500 сонгогчийн гарын үсэг цуглуулах бөгөөд сонгогчийн нэр, гарын үсэг эсхүл тамга, төрсөн огноо, хаяг зэрэг мэдээллийг агуулсан байхаар заажээ. Эдгээрээс үзвэл сонгогчоос шаардаж буй мэдээлэл нь гарын үсгийг үнэн зөв эсэхийг нягтлахад шаардлагатайгаас илүү биш байхаар зохицуулсан.
1.2.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байна. Уг зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; Цэцийн тогтоол, 2024, №02; №03).
1.2.1.Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой эсэх
Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байна (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар иргэний сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангахыг зорьжээ. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино." гэж заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй.", мөн зүйлийн 5.3 дахь хэсэгт "25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.", 5.6 дахь хэсэгт "Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.", 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ." гэж тус тус заасан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар бие даан нэр дэвших боломжийг иргэнд олгосон нь сонгуулийн өрсөлдөөн, олон ургалч үзлийг дэмжих ерөнхий зорилготой байна. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар бие даан нэр дэвшүүлэгч тухайн сонгуулийн тойргийн сонгогчоос гарын үсэг зуруулсан байхыг шаардах нь иргэний сонгох эрхийг баталгаатай эдлүүлэх, улмаар ардчилсан сонгуулийг шударга, үр нөлөөтэй явуулах хууль ёсны зорилготой байна. Учир нь бие даан нэр дэвшүүлэхэд тодорхой тооны гарын үсэг зуруулах эсхүл барьцаа төлүүлэх зэрэг бусад шаардлага хуулиар тогтоохгүй бол хэт олон тооны нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх буюу саналын хуудаст бичигдэж, сонгогчдод төөрөгдөл үүсгэж, нэр дэвшигч нараас үр нөлөөтэй сонголт хийх, саналаа өгөхөд бэрхшээл үүснэ (Хүний эрхийн Европын шүүх, 2015, №31953/11, догол 45, 58; Европын зөвлөл, 2022, х. 34). Нөгөө талаас бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг цуглуулах нь сонгуулийн зардлыг бууруулах, сонгуулийг будилаантуулахгүй байх, түүнчлэн санал хураалт явуулах, санал тоолох, үр дүнг зарлах үйл явцыг удаашруулахаас сэргийлэх ач холбогдолтой байна (Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх, 2023, CCT 158/23, х. 303).
Иргэний сонгох эрхийг баталгаатай эдлүүлэх, ардчилсан сонгуулийг явуулах хууль ёсны зорилгыг хангахын тулд бие даан нэр дэвшүүлэгч (1) тухайн сонгуулийн тойрог дахь тодорхой тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах, (2) сонгуулийн дүнд тодорхой босго санал авсан бол буцаан олгох нөхцөлтэйгөөр барьцаа төлүүлэх, (3) өмнөх сонгуулийн дүнд тодорхой тогтоосон босго давж санал авсан эсхүл ялалт байгуулсан байх зэрэг шаардлагын аль нэгийг хангах зохицуулалт нь ардчилсан улсуудад түгээмэл байна. Гэхдээ бие даан нэр дэвшүүлэхэд эдгээр гурван шаардлагыг давхардуулан хэрэглэх нь улс төрийн олон ургалч үзлийг хязгаарлана гэж үздэг (ЕАБХАБ/АИХЭГ, 2013, х. 38). Тухайлбал, 1992 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй." гэж заахын зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлд намаас нэр дэвшигч эсхүл бие даан нэрээ дэвшүүлэгчээс үл хамааран "Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшигч бүр сонгуулийн тойргийн хороонд 10000 төгрөгийг барьцаа болгон өгнө. ..." гэж заан гарын үсэг болон барьцааны аргыг давхар хэрэглэж байжээ.
1.2.2.Хууль ёсны зорилгод хүрэхэд уялдсан эсэх
Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгыг хэрэгжүүлэхэд үйлчлэх буюу чиглэсэн байхыг уялдаатай байх шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь иргэний сонгох эрхийг баталгаатай эдлүүлэх, улмаар ардчилсан сонгуулийг шударга, үр нөлөөтэй явуулахад чиглэсэн байна. Өмнөх Улсын Их Хурлын сонгуульд хэт олон тооны бие даагч нэр дэвшээгүй нь энэ зохицуулалтын үйлчлэлийг харуулж байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2016 онд 69, 2020 онд 121, 2024 онд 42 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Түүнчлэн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж ирсэн байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тайлбар, лавлагаанд "... 1992 оноос хойш зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын 9 удаагийн ээлжит сонгуулийн хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу бие даан нэрээ дэвшүүлэгчээс 801-ээс дээш тооны гарын үсэг зуруулсан байх шаардлага хангаагүй үндэслэлээр 2016 онд 3, 2020 онд 14, 2024 онд 4 бие даан нэрээ дэвшүүлэгчийг бүртгэхээс татгалзсан байна. ..." гэжээ. Үүнээс үзэхэд гарын үсэг зуруулах зохицуулалт нь дээр дурдсан хууль ёсны зорилготой уялдсан байна.
1.2.3.Хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй эсэх
Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байна. Тус зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг нь сонгохыг энэ зарчим шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Бие даан нэр дэвшүүлэхэд тодорхой тооны сонгогчийн гарын үсэг зуруулсан байхаар хуульчлах боломжтой ч энэ тохиолдолд гарын үсгийн тоо нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүйгээс хэтэрч болохгүй. Бие даан нэр дэвшихийн тулд цуглуулах сонгогчийн гарын үсгийн тоог хэт өндөр тогтоовол сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй. Иймээс цуглуулах гарын үсгийн тоо нь хууль ёсны зорилгыг хангах хэмжээнд хамгийн бага түвшинд байвал зохино. Тодруулбал, парламентын сонгуульд нэр дэвшихэд цуглуулах гарын үсгийн тоо нь тухайн тойрогт бүртгэгдсэн сонгогчийн нэг хувиас илүүгүй байх бөгөөд олон мандаттай тойрогт тухайн тойргийн сонгогчийг суудлын тоонд хуваасны нэг хувиас илүүгүй байхыг зохистойд тооцдог байна (Венецийн комисс, CDL (99) 66; CDL-AD (2002) 23; CDL-AD (2010) 007).
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоонд олныг төлөөлөх арга (нэг мандаттай, олон мандаттай томсгосон эсхүл бүсчилсэн)-ын алийг хэрэглэж байгаагаас хамааран бие даан нэр дэвшүүлэгчийн зуруулах 801-ээс доошгүй тооны гарын үсэг тухайн тойргийн сонгогчийн хэдэн хувь байх нь тодорхойлогдож иржээ. Монгол Улсын Их Хурлын нийт 9 удаагийн сонгуулийн 7 нь олныг төлөөлөх тогтолцоогоор, 2 нь холимог тогтолцоогоор явагдсан. Тодруулбал, Улсын Их Хурлын 76 гишүүнийг 1996, 2000, 2004, 2016 онд 1 мандаттай 76 тойргоос, 1992, 2008, 2020 онд олон мандаттай, томсгосон тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар сонгосон бол 2012 онд 48 гишүүнийг олон мандаттай, томсгосон 28 тойргоос олныг төлөөлөх аргаар, 28 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар, харин 2024 онд Улсын Их Хурлын 126 гишүүний 78-ыг нь олон мандаттай, бүсчилсэн 13 тойргоос олныг төлөөлөх аргаар, 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгосон байна.
Бие даан нэр дэвшүүлэгчээс 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулахыг шаардаж байгаа нь Монгол Улсын хүн ам (3.5 сая орчим), нийт сонгогч (2.1 сая орчим)-ийн болон тухайн тойргийн сонгогчийн тоотой харьцуулахад хэт өндөр босго гэж үзэхээр байна. Сүүлийн гурван удаагийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшүүлэгчийн зуруулах 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг нь тухайн тойргийн сонгогчийн 1 хувиас доош байсан тохиолдол байхгүй, харин 1-5 хувь эзэлж байсан нь зайлшгүй бус дарамт, ачааллыг бие даан нэр дэвшүүлэгчид үүсгэсэн байна. Тодруулбал, 2016 оны Улсын Их Хурлын сонгууль нь 1 мандаттай 76 тойрог бүхий олныг төлөөлөх тогтолцоогоор явагдсан бөгөөд тойрог бүрийн нийт сонгогчийн тоог 801 тоотой харьцуулахад 1 тойрогт 1-2, 24 тойрогт 2-3, 34 тойрогт 3-4, 14 тойрогт 4-5, 3 тойрогт 5-аас дээш хувийг эзэлж байжээ. 2020 оны Улсын Их Хурлын сонгууль нь олон мандаттай, томсгосон 29 тойрог бүхий олныг төлөөлөх тогтолцоогоор явагдсан. Иймээс тухайн тойргийн нийт сонгогчийг суудлын тоонд хувааж харьцуулбал 801 гарын үсэг нь 2020 онд 3 тойрогт 1-2, 6 тойрогт 2-3, 14 тойрогт 3-4, 6 тойрогт 4-5 хувийг эзэлсэн байна. 2024 оны Улсын Их Хурлын сонгууль нь холимог тогтолцоогоор явагдсан бөгөөд 126 гишүүний 78-ыг нь олон мандаттай, бүсчилсэн 13 тойргоос олныг төлөөлөх аргаар сонгосон. 801 гарын үсэг нь эдгээр 13 тойрог бүрийн нийт сонгогчийг харгалзах суудлын тоонд хуваавал 4 тойрогт 1-2, 1 тойрогт 2-3, 5 тойрогт 3-4, 3 тойрогт 4-5 хувь байжээ.
Бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг цуглуулахыг шаарддаг улс цөөнгүй байх ч Монгол Улстай адил хэт өндөр тоо тавихаас татгалзах нийтлэг чиг хандлагатай байна. Тухайлбал, олныг төлөөлөх тогтолцоо бүхий Австралийн Холбооны Улс (хүн амын тоо: 26 сая орчим)-д 100, Бүгд Найрамдах Ботсвана Улс (хүн амын тоо: 2.5 сая орчим)-д 7, Канад Улс (хүн амын тоо: 39 сая орчим)-д 100, Бүгд Найрамдах Энэтхэг Улс (хүн амын тоо: 1.4 тэрбум орчим)-д 10, Бүгд Найрамдах Маврики Улс (хүн амын тоо: 1.2 сая орчим)-д 4, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (хүн амын тоо: 69 сая орчим)-д 10 тооны сонгогчийн гарын үсгийг; сонгуулийн холимог тогтолцоо бүхий Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (хүн амын тоо: 84 сая орчим)-д 200, Бүгд Найрамдах Грек Улс (хүн амын тоо: 10 сая орчим)-д 12, Бүгд Найрамдах Солонгос Улс (хүн амын тоо: 51.7 сая орчим)-д 300-500 тооны сонгогчийн гарын үсгийг; хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцоо бүхий Бүгд Найрамдах Албани Улс (хүн амын тоо: 2.7 сая орчим)-д 1 хувиас доошгүй, Данийн Хаант Улс (хүн амын тоо: 5.9 сая орчим)-д 150-200, Бүгд Найрамдах Финланд Улс (хүн амын тоо: 5.6 сая орчим)-д 100, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (хүн амын тоо: 64 сая орчим)-д 1000 сонгогчийн гарын үсгийг цуглуулахаар хуульчилсан байна.
Олон улсын сонгуулийг ажиглах хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглаад гаргасан мэдэгдэлд "СЕХ нэр дэвшигчдийг бүртгэхдээ хуулийг баримталж, шаардлагатай материалаа засах хугацааг олгож байсан хэдий ч нэр дэвшигчдэд тавигдах хэт их шаардлага нь сонгогдох эрхийг бүх нийтэд эдлүүлэхэд эргэлзээ төрүүлж байна." гэжээ. Ийм хэт их шаардлагын нэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн зохицуулалт байна. Учир нь сонгогчийн гарын үсгийн босгыг тогтоохдоо тухайн тойргийн нийт сонгогчийн тоо болон гарын үсэг зурах сонгогчийн тооны зохист харьцааг харгалзаагүй, 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулахаар хатуу хуульчилсан нь бие даан нэр дэвшүүлэгчээс зайлшгүйгээс илүү тооны гарын үсэг цуглуулахад хүргэж байна. Энэ нь Монгол Улсын хүн ам, нийт сонгогчийн тоотой харьцуулахад хэт өндөр босго байх тул сонгогдох эрхийг хамгийн багаар хязгаарласан арга зам гэж үзэхгүй. Хууль тогтоогч Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар сонгохдоо түүний аль хувилбар (нэг мандаттай, олон мандаттай томсгосон эсхүл бүсчилсэн)-ыг хэрэглэж байгаагаас үл хамааран гарын үсэг цуглуулахад хэрэглэх тогтвортой тоог хуульчилж болох ч тэр тоо нь тухайн тойргийн сонгогчийн тоонд нийцсэн, хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй, үндэслэл бүхий байх нь зүйтэй байгааг тэмдэглэж байна.
1.2.4.Тэнцвэртэй эсэх
Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал, үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь халдаж буй эрхийг хамгаалах ашиг сонирхлоос дээгүүр байвал тухайн хязгаарлалт нь хууль дээдлэх болон шударга ёсны үүднээс зөвтгөгдөх боломжтой. Харин зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2024, №03).
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулахыг бие даан нэр дэвшүүлэгчид үүрэгжүүлэх замаар сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа боловч энэ нь иргэний сонгох эрхийн хэрэгжилтийг хангаж, ардчилсан сонгуулийн ашиг сонирхлыг хамгаалж байна. Гэвч 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулахыг шаардаж, энэ хэт өндөр босгыг эсхүл түүнд холбогдох зохицуулалтыг хэлбэрийн хувьд ялимгүй хэмжээнд зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохоор хуульчилсан нь тэнцвэртэй байх шалгуурт нийцэхгүй байна.
Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл нь хуулийн хүрээнд тодорхой заасан, обьектив шалгуурт тулгуурласан байвал зохино (ЕАБХАБ/АИХЭГ, 2013, х. 38). Гэвч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана гээд 33.1.2 дахь заалтад "энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;", 33.1.4 дэх заалтад "нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу;" гэж заажээ. Бие даан нэрээ дэвшүүлэгч 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулаагүй нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эдгээр үндэслэлийн алинд хамаарахыг тодорхой хуульчлаагүй байна. Сонгуулийн ерөнхий хорооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолуудад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан тус шаардлагыг хангаагүй тохиолдлыг тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байгааг дурдах нь зүйтэй. Учир нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг агуулгын хувьд хангасан ч хэлбэрийн төдий ялимгүй зөрчсөн байх нь "хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй"-д тооцогдож нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохоор байна.
Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанаар холбогдох иргэний сонгогдох эрхийг тухайн сонгуульд эдлүүлэхгүй байх үр дагавартай тул энэ арга хэмжээг гагцхүү адил түвшний ноцтой зөрчилд хэрэглэвэл зохино. Иймд бие даан нэр дэвшүүлэгч нь тухайн тойргийн сонгогчийн гарын үсэг зуруулах босгыг агуулгын хувьд хангасан ч хэлбэрийн төдий ялимгүй зөрчил (зарим нарийвчилсан мэдээлэл дутуу эсхүл техникийн алдаатай зэрэг) гаргасан үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах нь шударга ёс болон ардчилсан ёсны үүднээс зөвтгөх үндэслэлгүй болно. Дэмжиж байгаа сонгогчийн гарын үсгийн тоо дутуу байгааг хангалттай баримтаар тогтоох, ялимгүй зөрчлийг үндэслэл болгож нэр дэвшигчээр бүртгэхээс шууд татгалзахгүй байх, мэдээллийн алдааг засах боломжит хугацааг бие даан нэр дэвшүүлэгчид олгох зэргээр зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон зохицуулалтыг хийх учиртай (Венецийн комисс, CDL-INF (2000) 17).
1.3.Ялгаварлан гадуурхсан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдлын зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байж болохгүй. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан. Энэ заалт нь хүн бүр хүн болох хувьдаа угаас тэгш гэсэн нийтлэг итгэл үнэмшилд тулгуурлаж, хүн бүрийг адилхан хүн гэж хүлээн зөвшөөрч хүний ёсоор хүндлэх үүргийг төр хүлээнэ. Тэгш байх эрхийн ноцтой зөрчлийн нэг бол ялгаварлан гадуурхал юм. Иймээс Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэж тусгайлан заасан бөгөөд энд дурдсан эсхүл дурдагдаагүй шинж (хөгжлийн бэрхшээл зэрэг)-ээр нь ялгаварлан гадуурхсан хязгаарлалтыг үндсэн эрхэд тавьж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2017, №07).
Тэгш байх эрх нь үндсэн эрхүүдийн дотроос хамгийн өргөн хүрээг хамардаг эрхийн нэг бөгөөд ялгаварлан гадуурхаагүй байх зарчмын хамтаар бусад үндсэн эрхийг хамгаалах суурь болдог. Тэгш байх эрх, ялгаварлан гадуурхаагүй байх зарчим нь хүн бүрд бүх талаар тэгш хандах утгыг илэрхийлэхгүй бөгөөд адил төсөөтэй нөхцөлд байгаа хүмүүст тэгш хандах, харин ялгаатай нөхцөлд байгаа хүмүүст тэгш бус хандах агуулгатай. Иймээс үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь зохих үндэслэлтэйгээр хүнд ялгаатай хандсан бол ялгаварлан гадуурхал болохгүй. Энэ үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг шалгалаа.
1.3.1.Тэгш байх эрхийн дагуу хуулиар болон хуулийг хэрэгжүүлэхдээ хүнд дур мэдэн ялгаатай хандахыг хориглоно. Иймээс үндсэн эрхийг эдлүүлэх хүрээнд зохих үндэслэлгүйгээр ялгаатай хэрэгжүүлэхүйц зохицуулалтыг хуульчилж болохгүй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгаж болохоор заасан. Бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан гарын үсгийг бүгдийг нь нягтлан шалгах бус, харин түүвэрлэн тулгахаар хуульчилсан байх бөгөөд түүвэрлэн тулгах үндэслэл, журмыг тодорхой хуульчлаагүйгээс эрх бүхий этгээд үзэмжээрээ буюу дур мэдэн шийдвэрлэх, улмаар адил эрх зүйн субьектэд буюу бие даан нэр дэвшүүлэгч нарт зохих үндэслэлгүйгээр ялгаатай хандах нөхцөлийг бий болгож, тэгш байх эрхийг нь зөрчихөд хүргэж байна.
Тодорхой нам, нэр дэвшигчийн төлөө эсхүл эсрэг урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхахаас сэргийлэхийн тулд гарын үсгийг нягтлан шалгах журмыг нарийвчлан зохицуулж, ялгаварлан гадуурхахааргүй байх обьектив хэм хэмжээг тогтоож хэрэгжүүлэх шаардлагатай (ЕАБХАБ/АИХЭГ, 2013, х. 39). Эс бөгөөс аль нэг нэр дэвшигчийн ирүүлсэн гарын үсгийн жагсаалтыг маш нарийн нягталж, нөгөө нэр дэвшигчээс ирүүлсэн жагсаалтыг огт нягтлан шалгахгүйгээр баталж, нэр дэвшигчээр бүртгэх эрсдэл үүснэ. Иймээс гарын үсгийг хэрхэн нягтлан шалгах талаар тодорхой хуульчилж, энэ журам нь бүх бие даан нэр дэвшүүлэгчид адилхан үйлчлэх баталгааг бүрдүүлбэл зохино.
1.3.2.Тэгш байх зарчмын дагуу ялгаа бүхий эрх зүйн байдалтай субьектэд ялгаатай хандахыг зөвшөөрөх бөгөөд гагцхүү энэ ялгаа нь үндэслэлтэй байхыг шаардана. Үүнээс үзвэл нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгч нь эрх зүйн байдлын хувьд ялгаатай учир өөр өөр шаардлагыг тухайлан хуульчлахыг Үндсэн хуулиар хориглоогүй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг, тус хуулийн 30 дугаар зүйлд нам, эвслээс, 31 дүгээр зүйлд бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг ялгаж зохицуулжээ.
Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн." гэж заасан бөгөөд тус хуульд заасан журмаар намыг үүсгэн байгуулж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Энэ онцлогтой нь уялдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт "Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ." гэж тусгасан байна. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6 дахь заалтын дагуу намыг бүртгүүлэх өргөдөлд "намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг/;"-ийг хавсаргахаар заасан байна. Нам байгуулахад 801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэй байхыг 1990 оны Улс төрийн намуудын тухай хуулийн 5 дугаар зүйлийн /в/ заалт болон 2005 оны Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь заалтаар адилхан шаардаж, гишүүдийн тоо нь 801-д хүрээгүй бол Улсын дээд шүүх тухайн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл болохоор хуульчилж иржээ.
Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчээс ялгаатай нь бие даан нэр дэвшүүлэгч иргэн өөрөө сайн дурын үндсэн дээр сонгогдох эрхээ эдэлж дангаараа сонгуульд оролцдог. Иймээс энэхүү онцлогийн дагуу "... нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаж буй иргэн тухайн нэр дэвших гэж буй тойргийн сонгогчдоос дэмжлэг авснаар бие даан нэрээ дэвшүүлэх эрх нь үүсдэг" (Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тайлбар, лавлагаа). Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт бие даан нэр дэвшүүлэгч нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг зуруулахаар тусгажээ.
Бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилж болох ч намыг бүртгүүлэхэд тавигддагтай адил тооны сонгогчийн гарын үсгийг цуглуулах босгыг зөвхөн нэг иргэнээс шаардах нь илүү дарамт, ачааллыг зохих үндэслэлгүйгээр үүсгэхээр байна. Намыг бүртгүүлэхэд шаардлагатай гишүүний гарын үсэг зуруулах нь бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг зуруулахаас харьцангуй хялбар байна. Тодруулбал, бие даан нэр дэвшүүлэгч нь дангаараа богино хугацаа (долоо эсхүл 12 хүртэл хоног)-ны дотор зөвхөн тухайн тойргийн сонгогчоос 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах бөгөөд энэхүү жагсаалтыг нэг удаа буюу тухайн сонгуульд ашиглана. Нам байгуулах зорилгоор иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хамтаараа харьцангуй урт хугацаанд тодорхой тойргийн хязгаарлалтгүйгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хаана ч оршин суудаг иргэдээс 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах боломжтой байна. Энэ шаардлагыг хангаж байгуулагдсан нам холбогдох сонгуульд хуульд заасны дагуу оролцох эрхтэй бөгөөд сонгуульд оролцох бүрд 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах үүрэггүй. Мөн намыг бүртгүүлэх өргөдөлд түүний гишүүний регистрийн дугаарыг, харин бие даан нэр дэвшүүлэгчийн сонгогчийн гарын үсэг цуглуулах маягтад иргэний бүртгэлийн дугаарыг бичсэн байхаар ялгаатай хуульчилжээ. Иргэн регистрийн дугаарыг тогтмол хэрэглэдэг тул бүртгүүлэхэд хялбар бол, иргэний бүртгэлийн дугаарыг тогтмол ашигладаггүйгээс тэр бүр мэддэггүй тул дэмжиж гарын үсэг зурахгүй байх нөхцөл үүсэхээр байна.
Хувь хүний үндсэн эрх, эрх чөлөөний хамгаалагдсан хүрээ рүү халдах нь их байх тусам ялгаатай хандлагыг зөвтгөх үндэслэл төдий чинээ хүчтэй байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нарын шаардлагыг тогтоохдоо бие даан нэр дэвшүүлэгчид нам, эвслээс нэр дэвшигчид тавьж буйгаас хэт өндөр босгыг тогтоосон байх тул энэхүү ялгааг төдий чинээ зөвтгөх үндэслэлтэй байх шаардлагатай. Бие даан нэр дэвшүүлэгч нь намаас санал болгосон нэр дэвшигчтэй адил боломжтой байх бөгөөд тавих шаардлага нь нам, эвслээс нэр дэвшигчид тавих шаардлагаас хэтрүүлэн хязгаарласан шинжтэй байж болохгүй (Венецийн комисс болон ЕАБХАБ/АИХЭГ, CDL-AD (2010) 024, догол 146). Дээр дурдсанчлан бие даан нэр дэвшүүлэгч тухайн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар заасан нь сонгогдох эрхээ эдлэхэд саад болохуйц хэт өндөр байх бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчийн хооронд үүсэх хэт ялгаатай байдлыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "үзэл бодол"-оор нь ялгаварлан гадуурхаж болохгүй бөгөөд үзэл бодол гэдэг нь энэ маргааны хувьд намд элсэх, намаас гарах, намд элсэхгүй байх, нам, эвслээс эсхүл бие даан сонгуульд нэр дэвших зэргээ өөрөө шийдвэрлэх агуулгаар хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, бие даан нэр дэвших нь үзэл бодлын илэрхийлэл бөгөөд эвлэлдэн нэгдэх эрх нь эвлэлдэн нэгдэх эсхүл нэгдэхгүй байх эрхийг багтаана. Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолын агуулгаас харвал иргэн нам байгуулах эсхүл түүнд гишүүнээр элсэх позитив эрхтэй төдийгүй түүнд элсэхгүй байх, тус намаас гарах негатив эрхтэй. Иймээс бие даан нэр дэвшүүлэгчид сонгуульд нэр дэвшихэд нам, эвслээс нэр дэвшихээс ялгаатай шаардлага тогтоож болох ч маргаан бүхий зохицуулалт нь бие даан нэр дэвшүүлэх боломжийг хэт хязгаарлаж, улмаар зохих үндэслэлгүйгээр намын гишүүнд давуу боломжийг бий болгосон нь тэгш байх эрхийн зарчмыг зөрчиж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байна.
1.4.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг
1.4.1.Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө. Иймээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (цаашид "Пакт" гэх)-аар хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлж, түүний ерөнхий тайлбарыг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим гэж үзэж баримтална.
Төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох төдийгүй төрийн алба хаших эрх нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ бөгөөд уг эрхийг баталгаатай эдлүүлэх нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг мөн. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.", 2 дахь хэсэгт "Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй.", 3 дахь хэсэгт "Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно." гэж тус тус заажээ. Түүнчлэн Пактын 25 дугаар зүйлд зааснаар иргэн бүр (а) "төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох;" (b) "сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;" (c) "тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших." эрх, боломжийг аливаа ялгаварлан гадуурхалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр эдэлнэ.
1.4.2.1996 онд НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Пактын 25 дугаар зүйлээр хамгаалсан эрхийн тухай 25 дугаар ерөнхий тайлбарыг гаргасан. Тус тайлбарын 15 дахь доголд "Сонгогдох эрхийг үр дүнтэй хэрэгжүүлж, эдлэх боломжоор хангах нь сонгогч нэр дэвшигчдээс чөлөөтэй сонгох нөхцөлийг бүрдүүлнэ." гэж тус эрхийн ач холбогдлыг тодотгоод "... сонгогдох эрхэд тавих аливаа хязгаарлалт нь бодитой (обьектив), үндэслэлтэй шалгуураар зөвтгөгдөхүйц байх ёстой." гэжээ. Түүнчлэн Ерөнхий тайлбар (1996, №25)-ийн 17 дахь доголд "Улс төрийн намын гишүүн байх, эсхүл аль нэг тодорхой намын гишүүн байх үндэслэлгүй шалгуураар нэр дэвших, сонгогдох эрхийг хязгаарлахыг хориглоно. Нэр дэвшихийн тулд тодорхой тооны сонгогч, дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах шаардлага тавьдаг бол уг шаардлага нь үндэслэл бүхий байх бөгөөд нэр дэвшихэд саад болох ёсгүй. Энэхүү Пактын 5 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасанчлан аливаа иргэний улс төрийн үзэл баримтлал, байр суурийг сонгогдох эрхийг нь хязгаарлах үндэслэл болгож болохгүй." гэжээ.
Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшүүлэгч 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг зуруулахаар хуульчилсан нь Монгол Улсын хүн ам, нийт сонгогчийн болон тухайн тойргийн сонгогчийн тоотой харьцуулахад хэт өндөр босго байхын зэрэгцээ ийнхүү гарын үсэг зуруулах хугацаа богино, маягтад нарийн мэдээллийг тодорхой бичихийг шаардсан, гарын үсгийг долоо хоногийн хугацаанд түүвэрлэн шалгахаар заасан, гарын үсгийн босгыг агуулгын хувьд хангасан ч холбогдох зохицуулалтыг ялимгүй зөрчсөн гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах боломжтой, алдаа засах боломжит хугацааг хуулиар олгодог эсэх нь эргэлзээтэй, холбогдох үндэслэл, журам нь тодорхойгүй байх тул Ерөнхий тайлбар (1996, №25, догол 17)-т заасан "үндэслэл бүхий байх бөгөөд нэр дэвшихэд саад болохгүй байх" зарчимд нийцээгүй байна. Иймд маргаан бүхий зохицуулалт нь Пактын 25 дугаар зүйлийн (b) хэсэгт заасан сонгогдох эрхийг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." гэж заасанд нийцэхгүй байна.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх
2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан "Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягт"-ын агуулгыг мөн зүйлийн 31.4 дэх хэсэгт "Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна." гэж 2019 онд хуульчилсан байсан бөгөөд энэ хэсгийн "регистрийн" гэснийг "иргэний бүртгэлийн" гэж 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилжээ. Энэ өөрчлөлттэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны "Маягт батлах тухай" 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгогчийн гарын үсэг зуруулах маягтын В баганын "Регистрийн дугаар" гэснийг "Бүртгэлийн дугаар" болгосон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн албан бичигт "... иргэний регистрийн дугаарыг Монгол Улсын иргэн төрсний бүртгэлд анх удаа бүртгүүлэх, Монгол Улсын харьяат болоход олгож байгаа бөгөөд тухайн иргэнд олгосон регистрийн дугаар нь аймаг, нийслэл, сум, дүүргийг илэрхийлсэн үсгэн утга, төрсөн он, сар, өдөр, хүйсийг илэрхийлсэн тоон утгыг агуулж байдаг тул регистрийн дугаараар тухайн иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн мэдээлэл, оршин сууж байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийг мэдэх боломжтой байдаг. Иргэний регистрийн дугаарыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр өөрчилж хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байдаг бол иргэний бүртгэлийн дугаарыг өөрчлөх боломжгүй юм. Иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлснээр төрөөс үзүүлж буй үйлчилгээ болон төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцоход өөрчлөгддөггүй, дахин олгогддоггүй, давхарддаггүй, сольдоггүй, нэгдсэн нэг дугаар ашиглах боломжтой болж, үнэн зөв нэг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх улмаар хүний хувийн мэдээллийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн." гэсэн байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, лавлагаанд "... Тус Хорооны хувьд бие даан нэрээ дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулах маягтад регистрийн дугаар, эсхүл иргэний бүртгэлийн дугаар алийг нь ч бичсэн тооцно. Учир нь регистрийн дугаар, эсхүл иргэний бүртгэлийн дугаар нь гагцхүү тухайн гарын үсэг зуруулсан дэмжигч сонгогч нь бие даан нэрээ дэвшүүлэгчийн тойргийн нутаг дэвсгэрт буюу тухайн тойргийн сонгогч мөн эсэх мэдээллийг нягтлан шалгахад шаардлагатай мэдээлэл юм. ..." гэжээ. Иргэний бүртгэлийн дугаар төдийгүй регистрийн дугаарыг маягтад бөглөсөн тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо аль алийг нь тооцсон нь хуулийн талаарх өөр өөр тайлбаруудаас сонгогдох эрхийг хангахад илүү нийцсэнийг нь хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гэвч иргэний бүртгэлийн болон регистрийн дугаарыг багтаасан ийм өргөн агуулгаар хуулийг хэрэглэх тухай бие даан нэр дэвшүүлэгч нарт урьдчилан мэдэгдсэн эсэх талаарх мэдээлэл ирүүлээгүй болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "иргэний бүртгэлийн дугаар"-ыг тодорхой бичихийг шаардаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад "Бүртгэлийн дугаар" гэж бичсэн байгаа учраас регистрийн дугаарыг иргэний бүртгэлийн дугаарт оруулан тооцох эсэх нь тус хорооны холбогдох албан хаагчийн үзэмж, дур мэдлээс хамаарах эрсдэлтэй байна. Түүнчлэн маягтад "Бүртгэлийн дугаар" гэж бичигдэн тараагдсан учраас бие даан нэр дэвшүүлэгчийг дэмжиж байгаа ч сонгогч нь иргэний бүртгэлийн дугаараа мэдэхгүйгээс маягтад гарын үсэг зурахгүй байх, эсхүл маягтын дагуу мэдээлэл цуглуулахад ойлгомжгүй, төвөгтэй байдал бий болгохоор байгааг дурдах нь зүйтэй.
Иймд тухайн тойргийн сонгогч мөн эсэхийг тогтооход зайлшгүй, гол мэдээллийг шаардах (тухайлбал иргэний бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, эсхүл оршин суугаа газрын хаягийн аль нэгийг бичих), мөн сонгогчийн гарын үсгийг цахимаар цуглуулахыг зөвшөөрөх зэрэг асуудлыг хуулийг боловсронгуй болгох хүрээнд шийдвэрлэх боломжтой.
2.2.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягт нь зөвхөн "бие даан нэрээ дэвшүүлэгчийн тойргийн нутаг дэвсгэрт буюу тухайн тойргийн сонгогч мөн эсэх мэдээллийг нягтлан шалгах" хууль ёсны зорилгыг хангахад зайлшгүй хэмжээний мэдээллийг авах, аль болох энгийн, ойлгомжтой хэлбэртэй байвал зохино. Гэвч 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хэрэглэсэн маягтын "оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаар" бичих талбар нь хэт жижиг, мөр хоорондын зай хэт ойр байсан нь сонгогчоос эдгээр мэдээллийг бүрэн гүйцэд бичихэд хүндрэл үүсгэхээр байгааг тэмдэглэж байна. Түүнчлэн тус маягтад буй мэдээллийн үнэн зөв байдлыг бие даан нэр дэвшүүлэгч хариуцах хуулийн үүрэг байхгүй атал үүнийг маягтад тухайлан тусгасан байна.
2.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.", 31.4 дэх хэсэгт "Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна." гэж заасан нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг журамласан шинжтэй, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой асуудал байх тул тус хэсэг нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжгүй байна.
Гурав. Нэгтгэн дүгнэхэд
3.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт бие даан нэр дэвшүүлэгч тухайн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан нь иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг хязгаарласан байх тул энэ талаарх үндэслэл, журам нь тодорхой хуульчлагдсан, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх шаардлагатай. Бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан гарын үсгийг түүвэрлэн тулгах, нягтлан шалгах үндэслэл, журам нь тодорхойгүйгээс эрх бүхий этгээд үзэмжээрээ хэрэгжүүлэх эрсдэлтэй. Энэ нь иргэн сонгогдох эрхээ эдлэх эсэхийг тодорхой, обьектив шалгуураар бус, харин дур мэдэн шийдвэрлэх эрсдэлийг бий болгосон тул эрх зүйн тодорхой байдалд нийцэхгүй байна.
Гарын үсэг зуруулах тухай дээрх зохицуулалт нь хэт олон тооны нэр дэвшигч сонгуульд өрсөлдөн явцуу ашиг сонирхлын талбар болгохоос сэргийлэх, улмаар сонгох эрхийг баталгаатай эдлүүлэх, ардчилсан сонгуулийг шударга, үр нөлөөтэй явуулахад уялдаатай байгаа ч энэ зорилгод хүрэхэд зайлшгүй, тэнцвэртэй биш байна. Тодруулбал, бие даан нэр дэвшүүлэгчид тавьж буй босго нь хүн ам, нийт сонгогчийн болон тухайн тойрогт бүртгэгдсэн сонгогчийн тоотой харьцуулахад хэт өндөр, тохиромжгүй байгаа нь уг эрхийг хамгийн багаар хязгаарласан арга хэмжээ гэж үзэхээргүй байх тул зайлшгүй байх шалгуурыг хангаагүй байна. 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг цуглуулахыг шаардаж, энэ босгыг агуулгын хувьд хангасан ч түүнд холбогдох зохицуулалтыг хэлбэрийн хувьд ялимгүй зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж сонгогдох эрхийг хасах үндэслэл болохоор хуульчилсан нь тэнцвэртэй байх шалгуурт нийцэхгүй гэж үзнэ.
Ялгаатай эрх зүйн байдал бүхий бие даан нэр дэвшүүлэгч болон нам, эвслээс нэр дэвшигч нарт харилцан адилгүй шаардлагыг хуульчлах боломжтой ч энэхүү ялгаа нь зөвтгөх үндэслэлтэй байх шаардлагатай. Гэтэл бие даан нэр дэвшүүлэгчид сонгогдох эрхээ эдлэхэд саад болохуйц хэт өндөр босго тогтоосон нь үндэслэлгүй байх тул тэгш байх эрх, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг зөрчсөн байна. Мөн бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан гарын үсгийг түүвэрлэн тулгах, нягтлан шалгах үндэслэл, журмыг тодорхой хуульчлаагүй нь эрх зүйн адил субьектүүд болох бие даан нэр дэвшүүлэгч нарт зохих үндэслэлгүйгээр ялгаатай хандах нөхцөлийг үүсгэжээ.
Төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх. Дээр дурдсанчлан бие даан нэр дэвшүүлэгч сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй бус, тэнцвэргүй хэт өндөр босго тогтоож холбогдох үндэслэл, журмыг тодорхой хуульчлаагүй нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн "үндэслэл бүхий бөгөөд нэр дэвшихэд саад болохгүй байх" зарчимд нийцэхгүй байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн бие даан нэр дэвшүүлэгч 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах зохицуулалт нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгт харшилсан байна.
3.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн байх бөгөөд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг журамласан шинжтэй, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой асуудал байх тул тус хэсэг нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжгүй байна.
3.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно." гэж Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон байна (Цэцийн тогтоол, 2024, №02). Иймд Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай.
3.4.Үндсэн хуулийн цэцээс урьд нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагатай холбоотой хэд хэдэн шийдвэр (Цэцийн дүгнэлт, 2008, №06; 2020, №03) гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 11 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 2005 оны хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна." гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчөөгүй гэж үзсэн ч энэ дүгнэлтээр бие даан нэр дэвшүүлэгч 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлага Үндсэн хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлээгүй бөгөөд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг хөндөөгүй. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 2019 оны хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэгт бие даан нэр дэвшүүлэгч 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах болон түүнийг хэрэгжүүлэх журам Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай энэхүү маргаан нь Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 11 дүгээр дүгнэлтээр шийдвэрлэсэн асуудлаас ялгаатай болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна.
3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна.
4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
5.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД Д.ГАНГАБААТАР
О.МӨНХСАЙХАН
Ц.ЦОЛМОН
Б.БОЛДБААТАР
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.